Дотооддоо үйлдвэрлэж болох хүнсний бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлнэ
2022.09.09

Дотооддоо үйлдвэрлэж болох хүнсний бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын бодлого чиглэлийн талаар санал солилцож, үүрэг чиглэл өглөө.  

Уулзалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:  

“Монгол Улс сүүлийн 10 жилийн хугацаанд 991 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулжээ. Өнгөрсөн жил манай улс 4.6 миллиард долларын валютын нөөцтэй байсан бол 8 сарын дотор тэн хагас нь үгүй болж, 2.5 миллиард доллар л үлдсэн байна. Энэ бол үйлдвэрлэл хөгжөөгүйн тод илрэл. Тиймээс цаашдын гол бодлого чиглэл дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, борлуулалтын зах зээлийг хамгаалахад чиглэх ёстой.  

Дотоодын үйлдвэрлэлийг импортын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээс хамгаалахын тулд татварыг 20-30 хувьд хүргэх шаардлагатай. Эхний ээлжид импортыг орлох, дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой хүнсний бүтээгдэхүүний татварыг үе шаттай нэмэгдүүлнэ. Сайдын хувьд мөрийн хөтөлбөр болгон ажиллана. 

Бидэнд бодит үр дүн үзүүлсэн жишээ бий. 2020 онд УИХ-аас “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" тогтоолын хавсралтад өөрчлөлтөд оруулж, хүнсний ногооны татварыг 30 хувь болгон нэмэгдүүлсэн. Энэ үед Монгол Улс хүнсний ногооны 45 хувийг дотоодоосоо хангаж байсан бол тогтоол хэрэгжсэн 2 жилийн хугацаанд 70 хувьд хүргэж чадсан юм. Тэгэхээр ирэх 2 жилийн хугацаанд бид 100 хувьд хүргэж чадна. 

Хэдийгээр улс орны санхүү, төсөв амаргүй байгаа ч ирэх жилийн төсөвт үйлдвэрлэл дэмжих зээлийг суулгахыг хичээнэ. Энэ төсөв тавигдвал зээлийг жинхэнэ үйлдвэрлэгч нарт зориулалтын дагуу олгоно. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах” УИХ-ын 2022 оны 36-р тогтоолын дагуу олгох ёстой. Энэ тогтоолд санхүүжилтийг тусгаж өгсөн тул хэрэгжих бүрэн боломжтой. Ажил хэрэг болгохын тулд бид ч санаачилгатай ажиллана.

Та бүгдийн үйл ажиллагаанаас Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаа ихээхэн хамаарах учир дээр дурдсан зорилгыг биелүүлэхийн төлөө хичээн ажиллахыг үүрэг болгож байна” гэсэн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn