Хүний эрх хамгаалагчийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах асуудлаар санал солилцов
2023.01.20

Хүний эрх хамгаалагчийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах асуудлаар санал солилцов

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрсдэлийн үнэлгээг адилтган тусгах шаардлага үүсээд байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов, Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Ганзориг болон Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Энх-Амгалантай уулзлаа.

Уулзалтаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, ХЭҮК-ын А46 тушаалыг удирдлага болгон хэрэгжүүлэх, хүний эрх хамгааалагчийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалалтад авах, уг асуудалд шаардлагатай төсөв, санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар санал солилцлоо.

Уулзалтад ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал, референтийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнх-Эрдэнэ, мэргэжилтэн Л.Мөнхтулга нар оролцов.