Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Хүүхдийн эрхийн Хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийлээ
Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн 2022 оноос эхлэн Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Хүүхдийн эрхийн Хууль зүйн хороодын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж байна.
Энэ хүрээнд Комиссын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Хүүхдийн эрхийн Хууль зүйн хороодод 2023 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр ажиллалаа.
Тус хороо нь хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль зөрчсөн сэжигтэн, яллагдагч, гэмт хэргийн хохирогч, гэрч болон хорих байгууллагаас суллагдсан хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн ба нийгмийн үйлчилгээ үзүүлэх салбар байгууллагуудын хамтын ажиллагааны төлөөлөл бүхий орон нутгийн нэгж юм.
Уг хяналт, шалгалтаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Хүүхдийн эрхийн Хууль зүйн хорооны ажлын алба, гишүүн байгууллагуудын удирдлага, төлөөлөлтэй уулзаж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцаж, тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцов.
Улсын хэмжээнд хийж буй уг хяналт, шалгалтыг 2023 оны эхний улиралд багтаан дуусгах бөгөөд хяналт, шалгалтын үр дүнг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгахаар ХЭҮК ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлстийн дарга Д.Ёндонжамц, ахлах референт Б.Мөнх-Эрдэнэ, референт Д.Ариунбилэг, Б.Болорзул, ахлах мэргэжилтэн Б.Янжмаа нар ажиллалаа.