2023.01.06
ХЭҮК-ын дарга Ж.Хунан Турк улсын Элчин сайд Зафер Атештэй уулзаж, санал солилцлоо
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атештэй 2023 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль тогтоомжид орсон шинэчлэл, Комиссын чиг, үүрэг, Монгол Улс дахь хүний эрх, чөлөөний байдлын талаар Комиссын дарга Ж.Хунан танилцууллаа.
Түүнчлэн Монгол болон Бүгд Найрамдах Турк улсад оршин суугаа монгол, турк иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын албан хаагчдыг Турк Улсын их, дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх боломж, Турк улсын Хүний эрхийн байгууллагатай нягт хамтарч ажиллах зэрэг олон талт асуудлаар санал солилцов.
Тус уулзалтад ХЭҮК-ын Гадаад хамтын ажиллагааны тасгийн дарга Ө.Ундрах, ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэтөгс болон ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга Дэд тэргүүн Сарп Эгэ Өзпиринжи нар оролцлоо.