ХЭҮК-оос хийсэн хяналт, шалгалтын үр дүнг нийслэл, дүүргийн ТҮК-иудад танилцууллаа
2023.02.08

ХЭҮК-оос хийсэн хяналт, шалгалтын үр дүнг нийслэл, дүүргийн ТҮК-иудад танилцууллаа

ХЭҮК-оос хийсэн хяналт, шалгалтын үр дүнг нийслэл, дүүргийн ТҮК-иудад танилцуулж, төсөв, хөрөнгө оруулалт, төлөвлөсөн үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Тохижилт, үйлчилгээний компаниудын ажилтнуудын холбогдох хууль тогтоомжид заасан хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2022 оны есдүгээр сард хяналт шалгалт зохион байгуулж явуулсан билээ.

Энэ хүрээнд Комиссоос хяналт, шалгалтад хамрагдсан Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга нарт шалгалтын үр дүнг танилцуулж, илэрсэн зөрчил, нөхцөл байдал болон цаашид авах арга хэмжээний талаар санал солилцох уулзалтыг 2023 оны нэгдүгээр сарын 24-нд зохион байгууллаа.

Нийслэлийн дүүргүүдийн хог хаягдал, цэвэрлэгээ, тээвэрлэлтэд 2023 онд нийт 52 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд хог хаягдлын менежментийг сайжруулж, парк шинэчлэлт хийхээр холбогдох албанаас зорилт тавин ажиллаж байгааг уулзалтын үеэр танилцуулаад Сүхбаатар дүүрэг- 4.9 тэрбум, Баянгол дүүрэг-1.4 тэрбум, Хан-Уул дүүрэг- 2.0 тэрбум, Баянзүрх дүүрэг- 1.6 тэрбум төгрөг тус тус төсөвлөснийг танилцууллаа.

Энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг нийслэлийн дүүргүүдийн ИТХ-аас 2013 онд нэг өрхийг 2500 төгрөг байхаар тогтоосон боловч үүнээс хойш тарифыг шинэчлэн батлаагүй учир дүүргээс тогтмол татаас өгч байгааг өөрчилж, зардлыг нөхөх боломжтой байдлаар орлогыг төвлөрүүлэх, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн Баянгол дүүрэг хог хаягдлын зардлын нэгж тарифыг нэг иргэний 1500 төгрөгөөр баталсан бөгөөд Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг зардлын нэгж тарифыг өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулж байгаа тухай мэдээллээ.

Хог хаягдлын тухай хууль 2017 онд батлагдсанаас хойш хог хаягдлын нэгж тарифыг дүүргүүдийн ИТХ-аас шинээр батлуулж мөрдүүлээгүй нь хог хаягдлын менежмент хийх, зардлыг нөхөх, энэ салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг хангах, хөрөнгө оруулалт хийхэд ихээхэн хүндрэл учруулж байгааг хариуцсан албаны хүмүүс онцолж байлаа.

Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд нийт 27 ТҮК ажилладгаас 18 нь ОНӨААТҮГ, үлдсэн ес нь хувийн хэвшлийн компани аж. Эдгээр компаниуд хог хаягдал тээвэрлэхэд нийт 295 автомашин ашигладгаас 234 нь нийслэлийн өмчид бүртгэлтэй, 61 нь хувийн хэвшилд бүртгэлтэй, 2013 оноос хойш парк шинэчлэлт хийгээгүй, өнгөрсөн жилээс эхлээд үе шаттайгаар парк шинэчлэл хийж байгаа ажээ.

Цаашид парк шинэчлэлийг хийж гар ажиллагааг халах, хог хаягдлыг дарж булшилдаг байдлаас татгалзаж, ангилан ялгах, дахин боловсруулах үйлдвэр барих, хог хаягдлыг шатааж эрчим хүч үйлдвэрлэх, аюултай хог хаягдлыг тээвэрлэх, устгах журмыг батлуулах асуудлуудыг тулгамдаж буйг шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгааг танилцуулав.

Хяналт, шалгалтад хамрагдсан 6 дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагуудаас 4 газарт нь зөвлөмж хүргүүлсэн бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөлийг байгуулж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгө болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн үйл ажиллагааны холбогдох зардлыг жил бүрийн компанийн төсөвт суулгаж, компанийн нийт ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан үзлэг болон давтан үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж хэвшсэн байна.

Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр тогтмол ханган, цалин хөлсийг нэмэгдүүлэн ажилтанд үндсэн цалингаас гадна нэмэгдэл, шагнал, урамшуулал олгох механизмыг илүү нарийвчилсан, алслагдсан аймаг, сумдаас ирсэн болон хорих ангиас суллагдсан иргэдийг ажлын байраар хангаж байгаа зэрэг нь сайшаалтай байлаа.

“Улаанбаатар шинэчлэл” ХХК, “Баянгол Шинэ Өргөө” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хүний нөөцийн хувьд бэхжсэн, цалин хангамж сайтай, парк шинэчлэлийг тогтмол хийж хэвшсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг тогтмолжуулсан тул зөвлөмж, шаардлага хүргүүлээгүй байна.

Хяналт шалгалтын үр дүнгээс үзэхэд, хэт халуун эсвэл хүйтэн, салхитай, хур тунадастай зэрэг хүнд нөхцөлд ажиллаж байгаа ТҮК-ын ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын дагуу түр завсарлагын үед амрах, дулаацах, хоргодох зориулалт бүхий ахуйн байрын хангамж харилцан адилгүй байна.

Түүнчлэн ажлын буюу нэг удаагийн хамгаалалтын хувцас нь амархан урагддаг, тоос, хог шороо, үнс, нян бактер наалддаг, эдэлгээ муутай учир ойр ойрхон солих шаардлага үүсдэг аж. Тиймээс ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүргийн дагуу ТҮК-ын ажилчдын ажлын хувцас хэрэглэлийн чанар, хүртээмж, эдэлгээний чанар, хувцас олгох давтамжинд онцгойлон анхаарах шаардлагатай юм.

Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчилэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн баталж, мөрдүүлэх, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, санал, өргөдөл, гомдлыг бүртгэж шийдвэрлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу хөтлөх хэвших хэрэгцээтэй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгох, 7 хоногийн ердийн ажлын цаг, ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа тодорхойгүй, бүх нийтийн болон долоо хоногийн амралтын өдрөөр ажилласан ажилтныг нөхөн амраагаагүй тохиолдолд нэмэгдэл хөлс олгох зохицуулалтыг дотоод журамдаа тусгах, байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулах асуудлаар “Чингэлтэй ТҮК” ХХК, “МНТ-Эрдэнэс” ХХК, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Хан-Эко тээвэр” ОНӨААТҮГ-уудад Комиссын гишүүний Зөвлөмж хүргүүлсэн.

Зөвлөмжийн хүрээнд Хан-Уул дүүргийн хог тээврийн компаниудын цалинг нэмсэн бөгөөд, ялангуяа зам, талбайн үйлчлэгч нарын цалинг 1 дахин нэмжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бүх Тохижилт, үйлчилгээний газрын ажилтнуудын цалинг тогтмол нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд 2025 он хүртэл

  • Автомашины парк болон техник хэрэгслийг шинэчлэх
  • Хогийг шатааж эрчим хүч үйлдвэрлэдэг болох
  • Хог хаягдлыг ангилан ялгадаг болох, дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах
  • Хүний нөөцийг нэмэгдүүлж, бэлтгэж сургах, цалин, урамшууллын нэмэгдүүлэх 4 зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаагаа уулзалтын үеэр тодотголоо.