Н.Энхболд: УИХ-ын сонгуулийн хуулийг зургаадугаар сарын 20-ноос өмнө батлах шаардлагатай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын гишүүд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Н.Энхболд гишүүн хуулийн төслийн тухайд "Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт УИХ-ын зургаан гишүүн ажиллаж, өнөөдөр өргөн мэдүүллээ. Нэгдүгээрт, иргэдийн саналын бараг тал хувь нь парламентын гадна үлдээд байна. Хоёрдугаарт, нийгмийн бүхий л давхаргын байр суурь, хүсэл эрмэлзэл УИХ-д тусгалаа олохгүй байна гэсэн шүүмжлэл олон жил явж ирсэн. Иймд манай улсад хамгийн тохирох тогтолцоо хэмээн авч үзэж, сонгуулийг 50х50 харьцаатай холимог тогтолцоогоор явуулахаар тогтсон.
Ингэснээр нийгмийн бүлэглэлүүдийн эрх ашиг парламентад тусгалаа олж, хууль тогтоомж боловсронгуй байдлаар батлагдах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн сонгуулийн явцад оролцох оролцоог нэмэгдүүлэх үүднээс санал өгөх хугацааг нь нэмсэн. Зохих хуулиараа сонгууль эхлэхээс жилийн өмнө энэхүү хууль батлагдах ёстой. Ирэх зургаадугаар сарын 20-ноос өмнө батлах шаардлагатай. Бидэнд одоо хоёр сар гаруйн хугацаа үлдсэн байна. Үлдэж буй хугацаанд хуулийн үзэл баримтлалыг тал бүрээс нь хэлэлцэж батална" хэмээв.
Хуулийн төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгажээ. Үүнд:
1.УИХ-ын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гаргах, суудал хуваарилах зэрэг харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
2.Монгол Улсаас гадаад улсад суугаа ЭСЯ, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүтэц, бүрэн эрх, ажиллах журам, гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох,
3.Улс төрийн намын бүртгэл, өөрчлөлттэй холбоотойгоор нам сонгуульд оролцохоо илэрхийлэх, хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаатай холбоотойгоор гардаг хүндрэл, эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах,
4.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, уг үйл ажиллагаанд төрийн байгууллага болон сонгуульд оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх,
5.Санал авах өдөр өөрийн харьяа хэсгийн хороонд саналаа өгөх боломжоор бүрэн хангагдаж чаддаггүй сонгогчид болох оюутан, ээлжийн ажил хийдэг зэрэг сонгогчдын сонгох эрхийг хангах шаардлагад үндэслэн урьдчилан санал авах,
6.Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх,
7.Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэжээ.
УИХ-ын гишүүдийн 50 хувийг мажоритар системээр сонгож, үлдсэн 50 хувийг пропорциональ буюу намын жагсаалтаар сонгуульд нэр дэвшихийг холимог систем гэж нэрлэж буй юм.