УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
2023.04.06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна. 

Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцуулж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа,

"Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн бариад гурван долоо хоног өнгөрлөө. Гэтэл ямар ашиг сонирхолтой болоод энэ хуулийн төслийг оруулж ирэхгүй байна вэ. УИХ-ын дэгийн тухай хуульд байнгын хороогоор хэлэлцсэн асуудлыг тухайн долоо хоногт багтаан чуулганаар хэлэлцэх ёстой" хэмээв.

УИХ-ын гишүүн Э.Батшугар,

"Баялгийн сангийн тухай хуулийг яаралтай оруулж ирж батлах хэрэгтэй. Өнгөрсөн жил 12 тэрбум ам.долларын экспорт хийж, 32 сая тонн нүүрс экспортолсон. Хүртээмж нь хаана байна гэдгийг ард түмэн асууж байна. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээж хийгээгүй учир иргэн бүр тэгш хүртэх ёстой" гэв.

УИХ-ын гишүүн Э.Батшугараас гаргасан горимын саналаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг долоо хоног хойшлууллаа.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ:

-Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайлан

-Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/