2023.05.24

"Сурч боловсрох эрх: Дотуур байр" үндэсний II зөвлөгөөн боллоо

"Сурч боловсрох эрх: Дотуур байр" үндэсний II зөвлөгөөн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүний эрхийг хангах үндэсний хороо, "Бүх нийт боловсролын төлөө" Иргэний нийгмийн үндэсний эвсэл, "Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн", Монголын хуульчдын холбооны Хүний эрхийн дэд хороо, "Хил хязгааргүй хуульчид" ТББ хамтран зохион байгуулсан тус зөвлөлдөх уузалтад салбар бүрийн 70 гаруй төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцлаа.

Дотуур байранд амьдарч буй хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна.

Зөвлөлдөх уулзалтыг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нээж хэлсэн үгэндээ "Дотуур байранд амьдардаг хүүхдүүд үл хайхрах хүчирхийллийн хохирогч болж байна. Хүүхдээ хайрлая, хамгаалъя гэж бид бүгдээрээ ярьдаг. Гэхдээ үйлдлээрээ харуулж чаддаггүй. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дугаар заалтыг хэрэгжүүлээч гэж иргэн бүрээс хүсмээр байна. Тэгж чадвал хүүхдээ хайрлах, хамгаалах суурь бага ч гэсэн бүрдэх юм" гэв.



Харин ХЭҮК-ын дарга Ж.Хунан "Монгол Улсын 21 аймаг, нийслэл Улаанбаатар хот дахь 540 орчим дотуур байранд 35 мянга орчим хүүхэд амьдарч байна. Комиссоос өнгөрсөн 2022 оноос дотуур байруудад хяналт шалгалт хийж эхэлсэн. Шалгалтаар дотуур байрын барилгын дийлэнх нь стандартын шаардлага хангахгүй, хүүхдийн өрөө дотроосоо цоожлох боломжгүй, хяналтын камер суурилуулсан зэрэг ноцтой зөрчил илэрсэн. Түүнчлэн ариун цэврийн байгууламжийн асуудал тулгамдаж байна. Ялангуя бага насны хүүхэд шөнө оройн цагаар бие засах гэж явах үедээ гэмт хэргийн хохирогч болох, унаж гэмтэх эрсдэлтэй. Дараагийн нэг асуудал нь дотуур байрын эмийн санд хугацаа нь дууссан эм хадгалж байсан. Нэг үгээр хэлбэл, хэн нэгэн хүүхэд өвдлөө гэхэд энэ эмнээсээ өгдөг байхыг үгүйсгэх аргагүй. Эндээс дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүд үл хайхрах хүчирхийллийн хохирогч болж байх эрсдэлтэй учир Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд дотуур байрын асуудлыг тусгайлан тусгаж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлсэн. УИХ-аас дотуур байрын барилгыг үе шаттай шинэчлэх тухай УИХ-ын тогтоол батласан. Удахгүй арга хэмжээ авч эхэлнэ гэдэгт найдаж байна" гэлээ.



Олон талт төлөөллийг оролцуулсан "Сурч боловсрох эрх: Дотуур байр" үндэсний II зөвлөгөөн хэлэлцэж, санал зөвлөмж боловсруулж, холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх юм. Зөвлөлдөх уулзалтад оролцогчид нүүдлийн соёл иргэншлийн соёл, онцлогт тохирсон боловсролын тогтолцоог бүрдүүлэх. Ингэхдээ суралцагчдын сурч боловсрох эрхийг хангах, дотуур байранд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд онцгой анхаарах, дотуур байрын хүртээмжийг нэмэгдүүлэх, орчны нөхцөл, хангамжийг сайжруулах, тусгай хэрэгцээт хүүхдийн эрхийг хангасан дотуур байрын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Ташрамд дурдахад, жил бүр дунджаар 35 мянган хүүхэд дотуур байранд амьдрах хүсэлт гаргадаг боловч үүнээс 33 мянган нь дотуур байранд амьдарч хичээл, сургуульдаа суралцах боломжтой болдог байна. Эдгээр сурагчдын олонх нь малчин өрхийн суралцагч юм.