ХЭҮК-оос иргэний нийгмийн түншлэл ээлжит 20 дугаар уулзалт зохион байгуулав
2023.06.29

ХЭҮК-оос иргэний нийгмийн түншлэл ээлжит 20 дугаар уулзалт зохион байгуулав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хагас жил тутам иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны түншлэлээ бэхжүүлэх, мэдээлэл солилцох, хүний эрхийн тулгамдсан асуудлыг хөндөн ярилцдаг уламжлалтай.

Хүний эрхийн салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын олон талт төлөөлөлтэй нээлттэй мэдээлэл солилцож, санал санаачлагыг сонсож, хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй юм.

"Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ба Иргэний нийгмийн түншлэл" ээлжит 20 дахь уулзалтаар Комисс 2023 оны эхний хагас жилд хийсэн онцлох болон цаг үеийн анхаарал татсан асуудал, судалгаа, хяналт, шалгалт, цаашлаад Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, УИХ-ын нэгдсэн чуулганаар илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаарх УИХ-ын 35 дугаар тогтоол, Монгол Улс дахь иргэний оролцооны нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт:

  • Комиссын гишүүн Г.Нарантуяа “Монгол улс дахь иргэний оролцооны нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдвийн хүрээнд иргэний оролцооны хэлбэрүүд, иргэний оролцоог хангахад тулгуур үүрэгтэй хүний эрх, эрх чөлөө, эрх зүйн орчны талаар
  • Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов хүний эрх хамгаалагчийн механизм, хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар
  • Хүний эрхийг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан “Хүний эрхийг хамгаалах үндэсний хорооны үйл ажиллагаа, шинэ туршлага” сэдвийн хүрээнд хүний эрхийг хамгаалах тогтолцоо, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны хүний эрхийн болон ардчилал, хууль дээдлэх ёсны чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил
  • НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Иргэний орон зайн хэлтсийн мэргэжилтэн Б.Саранбаатар “Иргэний оролцоог дэмжих НҮБ-ын бодлого, үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд иргэний оролцоог хангах асуудлыг төрийн бодлогод тусгах,
  • “Хүний эрх, хөгжил төв”-ийн тэргүүн Г.Уранцоож “Монгол Улс дахь иргэний оролцооны нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд” сэдвийн хүрээнд илтгэл тавьж иргэний оролцооны орон зай, эерэг өөрчлөлт, хөгжлийн бодлого төлөвлөлтөд иргэдийн оролцооны үүргийн талаар танилцууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс УИХ-аас баталсан тогтоолын хэрэгжилтийг хангахад анхаарах, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүүхэд хамгааллын чиг үүргийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг, хууль тогтоомж, бодлогын бичиг баримтын санал, боловсруулалтад иргэний нийгмийн байгууллагын оролцоог дэмжих хэрэгтэй байгаа зэрэг саналыг гаргав.

Хэлэлцүүлэгт Бүгд Найрамдах Куба Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яам, НҮБ, Mitchell foundation, иргэний нийгмийн байгууллага болон боловсролын салбар, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, ажилтнууд, Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд оролцов.