ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХИЙГ ХАМГААЛАХААР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭВ
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах чиглэлд Монголын Эмнести Интернэшнл, Монголын Хэвлэлийн хүрээлэн НҮТББ, Глоб Интернэшнл төв, Монголын шүүгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн нийгэмлэг ТББ-ууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Талууд уг санамж бичгийн хүрээнд иргэд, олон нийтийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бэхжүүлэх зорилгоор хуульчдыг мэргэшүүлэх, сэтгүүлчдийг чадавхжуулах, энэ чиглэлээрх хууль тогтоомжийг сайжруулахад бодлогын нөлөөлөл үзүүлэх, эрх зүйн практик судалгааг дэмжин ажиллахаар тохиролцов.
Өөрсдийнхөө эрхийн төлөө цахим орчинд дуу хоолойгоо өргөж, эсхүл жагсаал цуглаан хийж, бүлэг нэгдэл байгуулж байгаа хүмүүст саад хийх чиг хандлага давамгайлж буй энэ цаг үед Эмнести Интернэшнл хүний эрх хамгаалагчдыг хамгаалах, ялангуяа тэгш бус байдал, эдийн засгийн болоод нийгмийн эрхийг ноцтой зөрчиж байгааг шүүмжилсэн, тэгш бус байдал ялгаварлан гадуурхалтаас үүдэх шударга бус байдлын эсрэг үйл ажиллагаа өрнүүлж, үзэл бодлоо тайван замаар илэрхийлж буй хүмүүсийг хамгаалахад онцгой анхаарч байна.
Сүүлийн үед Засгийн газрууд болон томоохон үндэстэн дамнасан корпорациуд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр дамжуулан худал мэдээлэл түгээх нь ихсэж хүмүүс хуурамч мэдээллийн хохирогч болж байна. Үнэнийг түгээсэн сэтгүүлч, хүний эрх хамгаалагчид болоод иргэний нийгмийнхэн, шүүмжлэлт дуу хоолойг хүргэгчид гүтгэлэг доромжлолын кампанит ажлын бай болсоор байна. Үзэн ядах үг хэллэг ашигласан цахим орчин дахь хүний эрхийн зөрчлүүд, шүгэл үлээгчдийг хамгаалах, иргэний орон зайг тэлэх асуудал тулгамдаж байна. Уг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хуульч, сэтгүүлч, хүний эрхийн байгууллагуудын үр дүнтэй хамтын ажиллагаа ихээхэн чухал. Энэ үүднээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах асуудлаар хамтран ажиллах сүлжээ байгуулах санаачилгыг тал талаасаа гарган харилцан зөвлөлдөж явсаар өнөөдөр энэ сүлжээ байгуулагдаж байна.
Хүний эрхийн түгэмээл тунхаглал батлагдсаны 75 жил, Хүний эрх хамгаалагчийн тунхгалал батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулаад Монголын Эмнести Интернэншл нь ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүний эрхийн үндэсний комисс, Глоб Интернэшнл Төв, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөл зэрэг байгууллагуудтай хамтарч дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “ИРЭЭДҮЙН ЭРХЭЭ БҮТЭЭХ НЬ. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийг хангах хөшүүрэг мөн” уриан дор тэмдэглэсэн.
Тиймээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний эрх зүйн болоод практик орчны тулгамдсан асуудал, хэвлэл мэдээллийн хариуцлага, ёс зүй, сэтгүүлчдийн аюулгүй байдал, цагдаа шүүхэд дуудагдаж буй асуудлаар төрийн бус байгууллага, эвлэл, холбоод, мэргэжлийнхэн хамтран ажиллах нь тун чухал.