Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа цаг үеийн асуудлаар тайлбар хийв
2023.06.16

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа цаг үеийн асуудлаар тайлбар хийв

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өөрийн цахим хуудаснаа цаг үеийн асуудлаар  дараах залрууга мэдэгдлийг хийлээ. 

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:

"Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийг өмөөрч, хамгаалсан зүйл огт байхгүй. Хууль, шүүхийн байгууллагууд тухайн хэргийг шалгаж шүүгээд, буруутай этгээд нь хариуцлагаа хүлээгээд явах ёстой.

"Парламент талк" нэвтрүүлгийн ярианаас тасдан, нийгмийн сүлжээнд “хулгайчдыг өршөө” гэсэн хэмээн улс төрийн тоглолт хийж байгаад харамсаж байна. Ингэж буруутнаас хэргийг булзааруулж, бусад руу сэдвийг сэвж замхруулдаг улс төр, пи ар-ын арга улам л төгс болсоор. Улсаараа хулгай ярьж бухимдан, үнэт зүйл, хөгжил дэвшил ярихаа умартах вий гэсэн санааг л хэлсэн юм. Ингэж боддог олон хүмүүс бий.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсноос хойш удаа дараа манай яам руу болон над руу цахим дайралт хийх болсон. Энэ хугацаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Хүүхдийн төлөө сан, Нийгмийн халамжийн сан, Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг шилэн болголоо. Салбарт хийх шинэлэг ажил, засах алдаа дутагдлын талаарх ажил хэрэгч саналыг дэмжин ажиллана. Харин салбарын шинэчлэл, сэргэлтийн ажлыг шантааж дайралтаас эмээхгүйгээр хийх болно" гэв.