УБ хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, дүгнэлт гарган Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, Б.Энхболд нар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Хотын Стандарт, хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Орон сууцны бодлогын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Байгаль орчны газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн холбогдох албан тушаалтнуудтай 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр уулзалт зохион байгуулж, Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй очинд амьдрах эрх, хүний эрхийг хангаж, хамгаалахад тулгамдаж буй асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо.
Уулзалтаар Хотын Стандарт, хяналтын газраас Улаанбаатар хотод мөрдөгдөж буй стандартын хэрэгжилт, стандартын хэрэгжилтийг хангуулахад тулгамдаж буй асуудал, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах замаар хүний эрхийг хангаж, хамгаалах талаар,
Хот байгуулалт, хөгжлийн газраас барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ, паспортжуулалт, барилгын чанарт нөлөөлж буй хүчин зүйл, авч хэрэгжүүлэх шаардлагатай ажил болон гадна инженерийн сүлжээний нөхцөл байдал,
Нийслэлийн Орон сууцны бодлогын газраас гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах төслийн явц, төсөл хэрэгжүүлэх явц дахь хүний эрхийн зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, авч хэрэгжүүлэх төлөвлөгөө, өнөөгийн нөхцөл байдал,
Нийслэлийн Замын хөгжлийн газраас олон улсын стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх хэтийн төлөвлөгөө, гол болон туслах гудамж, замын засвар, шинэчлэлтийн ажил зэрэг салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд 40 бүлгийн 7008 стандарт хэрэгжиж байгаагаас 2022 оны 04 дүгээр сарын байдлаар Нийслэлийн нутгийн захиргааны нийт 97 байгууллагас гаргасан мэдээллээр 2094 үндэсний болон улсын стандартыг мөрдөгдөж байгааг Стандарт, хяналтын газраас танилцуулаад гадна орчинд хийсэн судалгаагаар нийт 5423 зөрчил илэрсэн гэлээ.
Тоон үзүүлэлтийг задалбал:
- 24,7 хувь нь явган хүний замын засвар, ашиглалт
- 21 нь инженерийн шугам, сүлжээний ашиглалт
- 11.5 хувь нь автозамын эвдрэл, орц, гарц
- 8 хувь нь сул шороон хөрс
- 7 хувь нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн орчны тохижилт
- 5.4 хувь нь барилгын гадна орчны аюулгүй байдал
- 4.8 хувь нь ил задгай хог хаягдал
- 4.1 хувь нь автобусны тохижилт
- 3.1 хувь нь мэдээлэл сурталчилгааны байгууламжийн гадна орчны хаягжилт стандарт хангахгүй.
Мөн төрийн-147, хувийн хэвшлийн-109 ерөнхий боловсролын сургуулийн гадна орчинд хийсэн судалгаагаар төрийн-49, хувийн хэвшлийн-21 сургуулийн гадна орчин стандартад нийцээгүй.
Нийслэлийн 9 дүүргийн 143 хороонд 976 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас 637 тоглоомын талбайд зам талбайн шаадлага хангаагүй, аюул учруулах нөхцөл байдалтай байна
2019 оноос 2022 оны 09 дүгээр сарын байдлаар, гудамж талбайд байрлах хүүхдийн тоглоомоос хамаарч бэртэж, гэмтсэн 5-18 насны 1062 хүүхэд, гудамж талбайд бүдэрч, халтирч, тээглэж унаснаас болж 0-18 насны 10060 хүүхэд гэмтсэн гэдгийг Хотын Стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам танилцуулаад стандартын шаардлага хангуулахын тулд стандартад нийцсэн төлөвлөлт хийгдэж байгаа эсэх, холбогдох байгууллага аж ахуйн нэгжийг мэдээллээр хангах, сургалт сурталчилгаа зохион байгуулах, зөвлөн туслах, арга зүйгээр хангах, хяналт хариуцлагын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэв.
Холбогдох албаны мэдээлэл, танилцуулгын дараа Улаанбаатар хотод хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой эрсдэл, хохирол учруулж болзошгүй объектуудын судалгааг гаргуулах, аюулгүй болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэхэд нөлөөллийн ажил зохион байгуулах, Комиссоос хийсэн хяналт шалгалтыг үр дүнг үндэслэн Комиссын гишүүний Шаардлага, Зөвлөмжийг эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллах, улмаар тулгамдаж буй асуудлыг Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусган, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж ажиллахаа ХЭҮК-оос илэрхийллээ.