Х.Баттулга: Цохилт нь адил юм чинь хамгаалалтыг яг л адилхан хийнэ
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгатай ярилцлаа. Түүний ажлын өрөөний самбар дээр хийх ажлын төлөвлөгөө бололтой дэд бүтцийн салбаруудын нэр байх бөгөөд ард нь тоонууд бичсэн нь эрхгүй анхаарал татаж байлаа. Ярианы маань гол сэдэв мэдээж хямрал.
-Хямрал манай улсын эдийн засагт бодитойгоор нүүрлэлээ. Ийм хүнд үед Засгийн газар юу ч хийхгүй байна гэсэн шүүмжлэл давамгайлах боллоо...
-Дэлхий нийтээрээ л эдийн засгийн хямралын тухай ярьж байна даа. Бид ч бас. Өнөөдөр өдөржин, шөнөжингөө ч юм уу хуралдчихаад л маргаашаас нь юм хийгээд, эхэлнэ гэж байхгүй шүү дээ. "Бид ажлын байр бий болгохын тулд том бүтээн байгуулалтын ажлууд хийе" гэж ярилцлаа. Судлаад үзэхээр дэлхийн II дайны дараа Герман, Орос, Өмнөд Солонгос, Япон болон бусад орон бүтээн байгуулалтын ажлыг санаачилж, ажлын фронт бий болгосноор л ажилгүйдлээ арилгаж байсан юм байна. Тэгэхээр ирж байгаа цохилт нь адил юм чинь хамгаалалтыг яг л адилхан хийнэ гэсэн бодолтой байгаа. Энэ бүх бүтээн байгуулалтын ажлыг хийхэд тэрбум хол давсан долларын зардал гарна. Гэвч тийм их мөнгө байхгүй. Гэхдээ зээлээр авна. Юугаар зээлээ баталгаажуулах вэ гэхээр бидэнд маш их нүүрс байна.
-Нүүрсээр яаж зээл авна гэж... Таван толгойг ашиглалтад оруулах хэрэг үү?
-Таван толгой бол улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоогоод судалчихсан орд шүү дээ. Бид үүнийгээ эргэлтэд оруулж болно. Ирээдүйн орлогынх нь багаахан хэсгээр л дэнчин тавих юм ш дээ. Биднээс долоон дор, өгч авалцах, барьцаалах юмгүй улсууд зээл аваад болоод л байна шүү. Жишээ нь саяхан Киргиз гэхэд л. Америкийн цэргийн баазыг нутгаасаа гаргаад Оросоос 150 сая долларын зээл авчхаж байна. Кубийн Р.Кастро Орост айлчлангаа 300 сая долларын зээл эвч л байна. Унгар 20 тэрбум еврогийн зээл Германаас авчихлаа. Гэтэл Монгол тэднээс олон зүйлээр давуу. Бид чамлахааргүй газрын баялагтай. Геополитикийн хувьд хоёр том орны дунд байрласан, Азийн үйлдвэржсэн улсуудтай ойр. Хамтарсан Засгийн газар энэ талаар ярилцаж, шийдээд нийтдээ 60-70 мянган ажлын байр бий болгох боломжтой гэж үзлээ. Тэгээд ч хямралын үед юмны үнэ нэлээд буудаг юм байна л даа. Жишээ нь цемент, бензин болон бусад барааны үнэ хямдарч байна. Тэгэхээр бидний бүтээн байгуулалтын өртөг илүү хямд болно гэсэн үг. Бид бас төмөр зам тавихаар төлөвлөж байна.
-Таны яриад байгаа энэ бүхнийг Засгийн газар хийх юмсан гэж бодоод байна уу эсвэл үнэхээр хийх гээд шийдчихсэн үү?
-Шийдчихсэн. Одоо УИХ-д өргөн барина. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах байх. Энэ бүтээн байгуулалтын ажилд манай салбар голлох үүрэгтэй. Дэд бүтэц, зам тээвэр бүтээн байгуулалтын ажлын голыг үүрэх учиртай. Боловсролын яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран ажилгүйчүүдэд зориулж хуучнаар бол стипенд маягийн тэтгэлэгтэй шат дараалсан түр сургалтуудыг хийхээр төлөвлөж байгаа. Сургалтыг насны ангилалтай байлгах юм. Орон сууцыг бид өөрсдөө бариад, өөрсдөө зээлээр орон сууцтай болъё гэсэн энгийн схемээр ажиллуулъя, орон сууцжуулъя гэж байна. Уг нь энэ санааг манай нам бүр 2006 оноос л дотроо ярьж эхэлсэн юм шүү дээ. "УИХ-ын 2008 оны сонгуульд бид ялах юм байна. Ялахаараа үйлдвэржилтийн аяныг зохион байгуулна гэж. “Ардчиллын хоёр дахь шат үйлдвэржилт" гээд л Ц.Элбэгдорж зарласныг санаж байгаа биз дээ.
-Та энэ самбар дээр бичсэн тоонуудаа тайлбарлахгүй юу. Төмөр зам, Улаанбаатар зам гээд ард нь дандаа Мөнгөн дүн тавьчихсан байх юм... ?
-Таван толгойгоос Сайншанд хүртэл 580 сая долларын өртөгтэй 380 км газар төмөр зам тавья гэж байгаа юм. Бас 100 мянган айлын орон сууц барихад 45 мянган хүнийг ажлын байраар хангаад утаа, нийгмийн асуудлуудаа давхарт нь шийдчихнэ. Үүнд нэг тэрбум орчим доллар хэрэгтэй. Улаанбаатар хотын дотоод зам 470 гаруй км. Үүний 80 хувийг шинэчлэн засах юм. Германы технологи оруулж ирээд өөрсдөө хийе гэж байгаа юм. Залуучуудыг гурван сар болон түүнээс дээш хугацаагаар сургалтад хамруулаад дараа нь ажиллуулъя. Хөдөө аж ахуйгаа босгоод авахад 300-гаад сая доллар хэрэгтэй болох нь. Уг нь манайд хамгийн түрүүнд хөл дээрээ босчих салбар бол хөдөө аж ахуй л даа. Бас Оюутолгой, Таван толгойдоо бүтээн байгуулалт хийе гэж ярьж байгаа.
Тэнд байгаа нүүрсийг шуудайлаад аваад явах биш заавал төмөр замаар зөөнө. Тэр төмөр замыг тавих, уурхайд ажиллах хүмүүс орон сууцанд амьдрах хэрэгтэй болно. Тиймээс орон сууц барих шаардлагатай. Бас ажлаа хийж байхдаа өвдөнө, эмнэлэг хэрэгтэй. Ажилчдын хүүхдүүд сургууль, цэцэрлэгт хүмүүжих ёстой. Тэрийг нь бас барих ёстой болно. Ингээд дэд бүтэц зайлшгүй хэрэг болж байна. Бидэнд Эрдэнэтийн бэлэн жишээ байна. Энэ дэд бүтцийг монголчууд бид өөрсдөө л хийнэ. Нөгөө л яриад байгаа ажлын байр маань ингээд гараад ирнэ.
-Харамсалтай нь Оюу толгойн төсөл дээр манай Засгийн газар ашиггүй хувилбарыг сонгоод байгаа юм биш шүү?
-Таван толгойг бодвол Оюу толгойн ордыг нэгэнт гадны хүн мөнгөө зараад, хайгаад олчихсон болохоор нэлээд нарийн ярих асуудал. Энэ төсөл дээр яаж хандахаас дараа дараагийн олон юмны зангилаа шийдэгдэнэ. Бидэнд ганц Оюутолгой байгаа биш. Жишээ нь Эрдэнэт гэхэд хоёр нийгэм дамнан монголчууд биднийг тэжээлээ шүү дээ. Бид одоо гадны хөрөнгө оруулалтыг яаж оруулж ирнэ дараагийн Эрдэнэт, Оюутолгойг босгоход хялбар байх болно. Тэгэхээр хоёр толгойгоо ч ашиглая, хямралыг ч ашиглая. Ингэхийн тулд л хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Эхний ээлжид Тавантолгой гэж байгаа. Яагаад гэвэл нэгдүгээрт гадны хөрөнгө оруулалт ороогүй, хоёрдугаарт нүүрсний ил уурхай учраас шууд л эргэлтэд орно. Тийм болохоор төмөр зам нь эн тэргүүнд дэвшигдэх асуудал болж байгаа юм.
-Танай намын дарга байсан Элбэгдорж таныг "Засгийн газраас гарчих" гээд ятгасан гэдэг үнэн үү?
-Ийм нэг юмыг сонин дээр бичээд байна лээ. Хэн бичээд байгаа нь тодорхой л доо.
-Тийм тодорхой гэж үү. Та мэдэж байгаа юм бол хэлчих л дээ?
Тодорхой. Сэтгүүл зүйн салбарынхан бүгд л мэдэж байгаа ш дээ. Одоо Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай улс төрчдийг ямар нэгэн байдлаар оролдож байгаа нь тэр биз. Цаашдаа энэ байтугай юм бичигдэх байх. Сонгууль болохоор яадаг билээ. Элбэгдорж даргын хувьд тэгж ятгах битгий хэл бодох ч сэтгэл түүнд байхгүй. Элбэгдорж бид хоёр үйлдвэржилтийн тухай хоёр жил гаруй ярилцсан. Яагаад гэвэл ардчилсан хувьсгалыг өрнүүлэхдээ нэг зүйлийг орхигдуулсан. Тэр бол эдийн засгийн тогтвортой, хурдацтай хөгжил. Эдийн засгаа тогтвортой хөгжүүлэхийн тулд үйлдвэржилтийг л өрнүүлэх хэрэгтэй. Тэгээд л ингэж яриад байгаа хэрэг шүү дээ.
-Тэгээд хийхэд боломжийн санагдаж байна уу?
-Боломжийн. Би энэ ажлыг авангуутаа л төмөр замыг анхаарсан. Орост очоод санал тавилаа. 1949 оны гэрээгээр байгуулагдсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг бол Орос, Монголын хамтарсан байгууллага. Энэ байгууллага их юм хийсэн, үүргээ гүйцэтгэсээр ч байгаа. Тэгэхээр менежментээ сэргээж, Монголын нутгаар явж байгаа төмөр замыг Европ-Азийг холбосон хамгийн дөт, үр ашигтай коридор болгоё гэсэн. Бидний саналыг маш шуурхай хүлээж авсан. Одоо бараг долоо хоног болгон Оросын төмөр замын мэргэжилтнүүд ирээд хамтын ажиллагаа явуулж байна. Засгийн газар ч үүнийг дэмжиж байгаа. Уг нь өнөөдөр Эрдэнэтээс дутуугүй ашиг өгч байх ёстой байгууллага шүү дээ. Гэтэл байдаггүй. Бөөн алдагдал. Гэхдээ энэ байдал удахгүй ээ.
-Элбэгдорж та нар хоёр жил үйлдвэржилтийн тухай ярьж байсан гэлээ. Гэтэл одоо Элбэгээ дарга бүлгийнхээ хурал дээр "Засгийн газраа огцруул" гээд шахаад байдаг гэж дуулдах юм?
-Үйлдвэржилт, Засгийн газрын хойрго байгаа асуудлууд бол тусдаа зүйлс. "Юм хийхгүй бол огцруул" гэж хэлэх эрх түүнд байгаа ш дээ. Гэхдээ сая та бид хоёр миний хариуцан ажиллаж байгаа яамны тухай л ярьсан шүү дээ. Элбэгээ гол нь хямралын үеэр шуурхай ажилламаар байна гэж л шахсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний хувьд тэр байтугай юм хэлэх эрхтэй гэж бодож байгаа шүү.
-Долларын ханшийн өсөлтөд хэрхэн хандаж байгаа вэ?
-Долларын ханшийг барина гэдэг маш хэцүү. Яагаад гэвэл валютын орлого олдог дорвитой бараа нь ганцхан зэс. Өөр экспорт гэх юм байхгүй. Тэгээд л зэсийн үнэ доошоо унахаар хамт уруудчих гээд л... Дээр нь бид хамаг л хүнс, бусад бараагаа Эрээнээс валютаар зөөж байна. Гэтэл Эрээн чинь нэг улсын аймаг ч биш сум шүү дээ. Манайхаар бол Замын-Үүд сум. Бүхэл бүтэн улсыг нэг сум л хангаад байгаа байхгүй юу.
-Ам.долларын ханшийг барихын тулд доллараар худалдаа хийхийг болиулах талаар ярьж эхэллээ. Энэ зөв алхам байж чадах уу?
Яахав янз янзын л юм ярьж байна л даа. Барих гэж оролдож буй арга нь оновчгүй юм. Бид бүх юмаа доллараар худалдан авч ирж байгаа. Гэтэл одоо тэднийг бүх бараагаа төгрөгөөр зараад алдагдал хүлээ гэх хэрэг үү. Тэгэх хүн олдох уу?
-Монголбанк хангалттай муу ажиллаж байна. Энэ нь Засгийн газрын санааг зовоохгүй байна гэж үү?
-Харан байж дүгнэе, одоохондоо эрт байна. Цаг хугацаа харуулна байх.
-С.Эрдэнэ шоронд хоригдчихлоо. Та бол журмын нөхөр нь. Та хоёр хоёулаа МоАХ-ны дарга. Тийм болохоор энэ тухайд юу гэж хэлмээр байна вэ?
-Улс төр гэдэг хамгийн хатуу тоглоом. Манайд ч мөн адил. Хатуу тоглоом бол хатуу дүрэмтэй. Тэр дүрмийг ойлгож, хүлээн авах чадвартай хүмүүс л улс төр рүү ордог байх гэж би боддог. Эрдэнэ бол энэ дүрмийг ойлгодог, даагаад гарах чадалтай хүн. Гэхдээ асуудал дөнгөж анхан шатны шүүх дээр байна. Цаашдаа хоёр ч шатны шүүхийн шийдвэр гарах учиртай. Шүүх процесс бол нарийн, төвөгтэй зүйл. Би анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа Эрдэнэд хэлсэн. "Бид улс төржүүлэх юм бол чамайг улам л цааш нь түлхэнэ. Гэтэл цаана чинь хоёр шатны шүүх байна. Тийм учраас тэвчээртэй, хүлээцтэй байх хэрэгтэй шүү" л гэж хэлсэн.
-Дээд шүүх мэдэгдэл гаргачихсан. Тэгэхээр дараагийн шатны шүүхийн шатны шүүхийн шийдвэр тодорхой гэж ойлгох хүмүүс бас байна?
-Үгүй байх аа. Тэр мэдэгдлийг гаргуулах нөхцөлийг хангаж өгсөн нь гоомой алхам болсон юм. Би бүлгийн хурал дээр хэлсэн л дээ. "Анхан шатны шүүхийн шийдвэр дээр улс төрийн мэдэгдэл гаргаж болохгүй шүү. Тэгвэл хүнээ аврах биш түлхэх юм болно шүү" гэж сануулж байсан л даа. Тэгсэн сэтгэлийн хөдөлгөөнөөр нэг юм гаргачих шиг болсон.
-Парламентад сөрөг хүчингүй байх ер нь ямар байна?
-Гэхдээ яг энэ үед сөрөг хүчингүй гэх хаашаа юм. Манай намын бүлэг дээр бол маш их мэтгэлцэж, тал талаас нь ярьдаг. Яахав бид тэмцэлдэж болж байна л даа. Тэглээ гээд энэ цаг үед Монгол Улсад хожоо байна уу гэдгийг бодолцож үзэх ёстой. Бид байтугай дэлхийн том улсууд эдийн засгийн хямралыг сөргөлдөж биш хамтарч давах тухай ярьж байна. Бид хоорондоо тэмцэлдээд л байвал ядуураад л байна. Түүхээ эргээд харахад ч тийм л байдаг.
-Харин ардчилсан оронд тэмцэлдэж байвал зүгээр юм биш үү. Тэгэхгүй бол одоогийн байдлаар та нар чинь нийлж суугаад нэг дуугаар дугараад, буруу юм хийж байгааг нь ч хэлэх хүн алга шүү дээ?
-Асуудлын гол нь тэмцэлдэхдээ биш хийхдээ байгаа. Долдугаар сарын 1-ний сөргөлдөөнөөс нийгэм юу хожив? Мийний хувьд маш их ухаарал, цочрол болсон. Таван сайхан залуугийн амиар бид ухаарч байх ёстой гэж үү? Тэр үед би Хүний эрхийн дэд хорооны дарга байсан болохоор асуудлын гүнд орж ажиллах боломж гарсан. Манай дэд хороо шуурхай ажиллаж байсан. Миний хувьд хамтарсан засагт орсноор монголчууд юм хийж бүтээж чаддагийг харуулах сан гэж боддог.
-Таны хийх бүтээх мөрөөдөл чинь тэгээд юу билээ?
-Ажилгүйдлийг үйлдвэрлэлээр арилгах. Би багаасаа үйлдвэрт ажиллаж байсан, үйлдвэр удирдаж байсны хувьд энэ салбарын зовлонг ойлгоно. Бас үр өгөөжийг нь ч мэднэ. Бусад орнууд үйлдвэрлэж байж л ажилгүйдлээ, ядуурлаа арилгасан. Бид яагаад чадахгүй гэж, Ажилчин гаралтай хүний хувьд мөрөөдөл минь энэ юм.
-Зөвхөн энэ мөрөөдөл чинь МАХН-тай хамтарсан Засгийн газарт таныг торгоож байгаа хэрэг үү?
-Үгүй дээ. Өөр зөндөө юм байгаа. Бид хөгжих хэрэгтэй шүү дээ. Чиний амьдрал хангалуун байгаа гэж үү? Бидний хүүхдүүдийн ирээдүй яах вэ гээд олон юм бий.
-Ерөнхийлөгчийн сонгуульд ямар бодолтой байгаа вэ. Танай намаас нэр дэвших гэж байгаа хүмүүс улам л тодорхой болоод байх шиг. Гэхдээ гол өрсөлдөөн хоёрхон хүн дээр явагдах юм шиг байна.
-Манай нам лидерүүд ихтэй болохоор олон өрсөлдөгчтэй байгаа.
-Бидний яриа өндөрлөж байна. Танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Юу байхав дээ. Улсаа улс шиг улс болгочхоод хүн шиг амьдарцгаамаар байна ш цээ. Зовлонтой нь сонгуульд баталгаатай дэмжлэг өгөхгүй юм. Сонгогчдын олонхи нь утаатай орчинд амьдраад л, дээр нь иддэг, уудаг хүмүүсээр төрөө бариулахыг хүсээд байдаг юм шиг заримдаа санагдах юм. Тийм л сонголт хийгээд байхаар урам хугардаг. Би хөдөөнөөс сонгогдсон гишүүн. Хөдөө амьдрал хүнд байна. Бас залхуу ч их байна. Гялалзаад сайхан явж байгаа мянгат малчид ч бас байна.
-Хөдөөгүүр гэснээс цагаан сар дөхөхөөр тойрог руугаа баахан юм ачаад явдаг заншил хэвээрээ юу?
-Хэвээрээ. Гэхдээ үүнийг өөрчлөх боломж одоогоор алга байна. Одоо мөрдөж байгаа сонгуулийн хууль гарцаагүй ийм байдалд биднийг хүргээд байна л даа. Хамтарсан засаг байгуулсан дээрээ сонгуулийнхаа системийг өөрчлөх хэрэгтэй. Ийм жижиг эдийн засагтай, газар нутаг томтой, хун ам таруу байрласан улс ийм олон сонгуулийн хөлд чирэгдэж байна ш дээ. УИХ-ын сонгууль нэг юм дуусаад орон нутгийн сонгууль. Орон нутгийн сонгуулиа арай гэж дуусгаад Ерөнхийлөгчийн сонгууль. Ерөнхийлөгчийн сонгуулиа дуустал УИХ-ын дараагийн сонгуулийн бэлтгэл ажил эхэлчих юм. Ер нь сонгууль ярьсан, зэсийн үнэ ярьсан ийм л улс болчхоод байна. Орон нутгийн болоод УИХ-ын сонгуулиа нэг дор хийгээд нэгэнт парламентын засаглалтай улс хойно Ерөнхийлөгчөө УИХ-аасаа сонгоод явмаар байгаа юм. Бас намууд хатуу гишүүнчлэлээсээ татгалзмаар байна. Гэхдээ энэ бол өнөөдрийн ярианы сэдэв биш. Өнөөх Дашрэнцэнгийн "Манай сумын намууд" гэдэг нийтлэл дээр яг л голоор нь олоод хэлчихсэн байдаг юм даа.