Хүний эрхийн зөрчлийг арилгуулах чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван нарыг 2023 оны наймдугаар сарын 09-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Комиссын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны зургаадугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Гашуунсухайт боомт, Ханбогд сумын Хайрхан баг дахь Цагаанхад суурьшлын бүсийн нөхцөл байдалтай танилцаж, улмаар Гашуунсухайт боомтын захиргаа, Гаалийн газар, гэрээт замын Цагдаагийн хэлтэс, Автотээврийн үндэсний төвийн салбар, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хилийн Гашуунсухайт боомтын удирдлага, “Эрдэнэс ТаванТолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-ийн төлөөлөгч нартай уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, харилцан мэдээлэл солилцов.
Түүнчлэн автотээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй “Эко Глобал”, “Аяны эхлэл”, “Шанхын Хэц”, “Аранзал Алаг”, “Завхан Транс” компанийн жолооч нар болон Ханбогд суманд ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөлөлтэй уулзаж, хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний санал асуулгыг авч ажилласан юм.
Гашуунсухайт боомт нь 2021 онд цахилгаан эрчим хүчинд холбогдсон бөгөөд автотээврийн ачааны импортын 47.0 хувийг, экспортын 55.0 хувийг нэвтрүүлж байна. Тус боомт дахь төрийн байгууллагуудад хүний нөөцийн дутагдал үүссэн, ажлын ачаалал өндөр зэргээс үүдэн албан хаагчид уртасгасан цагаар ажиллаж байна.
Тухайлбал, Автотээврийн үндэсний төвийн албан хаагчид ээлжгүй ажилладаг, Цагдаагийн хэлтэс оффисын байргүй, Гаалийн улсын байцаагч нар нэг ээлжиндээ 30 хоног ажиллаж 10 хоног амардаг бол Гаалийн улсын ахлах байцаагч нар 45 хоног ажиллаж, 15 хоног амардаг зэргээр хөдөлмөрлөх нөхцөл бүрдээгүйн улмаас Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчиж байна.
Мөн алба хаагчид орчны тоосжилт өндөртэй, амьдрах зориулалтын орон сууцгүй, ундны усаа алслагдсан зайнаас зөөвөрлөдөг, хилийн бүсэд хүнсний дэлгүүр, үйлчилгээний газар байдаггүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал, хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигддөг зэрэг хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд ажил үүрэг гүйцэтэж байгааг уулзалтын үеэр хэлж байв.