Монгол Улсын төр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байна
МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН МЭДЭГДЭЛ
2023 оны 7 дугаар сарын 17
Монгол Улс Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар баталгаажсан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаатай эдлүүлэхгүй байгаад Монголын Эмнести Интернэшнл гүнээ харамсаж байна.
Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19-р зүйлээр хүн бүрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалж өгсөн бөгөөд энэ эрхийг зарим талаар хязгаарлаж болох ч зөвхөн бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх ба үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагын үүднээс хуулиар тогтоосон байх ёстой.
Гэвч Монгол Улсын эрх баригчид олон улсын гэрээгээр хүлээсэн хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хэрэгжүүлэх үүргээ умартан цахим болон цахим бус орчинд үзэл бодлоо илэрхийлж, Засгийн газар, эрх баригчдыг шүүмжилснийх нь төлөө иргэд, сэтгүүлчдийг залхаан цээрлүүлэхийн тулд мөрдөн шалгах, саатуулах, торгох ял оногдуулах зэргээр айлган сүрдүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлах үр дагавартай хууль санаачлах, батлах, хэрэгжүүлэх зэргээр олон улсын хэм хэмжээг зөрчиж байна.
Иймд Монгол Улсын эрх баригчдад хандан Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, иргэдийнхээ цахим болон цахим бус орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар хуран цуглах эрхийг баталгаажуулах, зөвхөн үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө мөрдөн шалгах, саатуулах, торгох зэрэг албадлагын арга хэмжээгээр айлган сүрдүүлэхгүй байхыг Монголын Эмнести Интернэшнл шаардаж байна.