Алба хаагчдын эрүүл орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг үр дүнтэй гэж үзлээ
Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн алба хаагчдын эрүүл орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой үр дүнтэй арга хэмжээ авсан байна гэж үзлээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний Жанжин Штабын харьяа Зэвсэгт хүчний 256 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
“Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн нөхцөл байдалтай Комиссын гишүүн Б.Энхболд газар дээр нь танилцаж, өмнөх шалгалтын үеэр илэрч байсан цэргийн алба хаагчдын эрүүл орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч үр дүнд хүрсэн байна гэж үзлээ.
Тухайлбал, цэргийн байрын 1 давхар (амрах байр, коридор, соёл амралтын танхим, ариун цэврийн өрөө)-т засварын ажлыг хийж хугацаат цэргийн алба хаагчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан, 2 давхарт засварын ажлыг эхлүүлээд байна.
Мөн цэргийн алба хаагчийн амь нас эрүүл мэндийг хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн хангалт, сургалт соён гэгээрүүлэх, өргөдөл, гомдол гаргах, шийдвэрлэх болон цэргийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилттэй танилцаж, 50 орчим хугацаат цэргийн алба хаагч, удирдах ажилтантай ярилцлага хийж, санал хүсэлтийг сонсов.
Улмаар ХЭҮК-ын гишүүний баталсан удирдамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2023 оны 06 дугаар сард хийсэн хяналт шалгалтын үр дүн, түүний мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй газар дээр нь танилцаж, алба хаагч, хоригдогчдын санал хүсэлтийг сонсож ажиллалаа.
Мөн аймгийн Цагдаагийн газрын удирдлагуудтай уулзаж, алба хаагчдын хөдөлмөрлөх эрх, алба хаагчдын ажлын чиг үүрэгтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн талаар санал солилцож, цаашлаад эрүүлжүүлэх, баривчлах байрны нөхцөл байдалтай танилцаж, баривчлагдсан иргэдийн эрхийг хангах, алба хаагчдын хөдөлмөрийн аятай нөхцөлийг сайжруулах чиглэлээр цаашид анхаарч ажиллахыг зөвлөв.