2024.04.16
Х.ГАНХУЯГ: Шинээр зөвшөөрөл бий болгож хуулиас гадуур шаардлага тавьж байгаа этгээдийг АТГ-т хандан шалгуулах боломжтой
Хүнсний дэлгүүр, караоке, зочид буудал, зоогийн газар, үсчин, кофе шоп гээд олон төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд зөвшөөрөл нэрийн дор бичиг цаасанд дарагдаж, хэн нэгэн даргын үүд сахидаг байсан асуудал ард хоцорсон. Төрөөс олгодог 1600 гаруй зөвшөөрлийг тав дахин бууруулж, авлига авч гарын үсгээ үнэлдэг асуудлыг 2022 оны зургадугаар сард Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар халж чадсан юм.
Тэгвэл хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар ажлын хэсгийг ахалж амжилттай батлуулж чадсан УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягаас тодрууллаа.
Тэрээр “Миний тухайд бизнесийн салбарт 20 гаруй жил ажилласан хүний хувьд бизнес эрхлэгчдийн нүдээр харж уг хууль дээр ажилласан. Шинээр аливаа бизнес, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдэд “Зөвшөөрөл” авах гэдэг нь төрийн хүнд суртал, дарамт болж байлаа. Тиймээс төрөөс олгодог 1600 гаруй зөвшөөрлийг 362 болгон бууруулж хуульд заагаагүй худалдаа үйлчилгээг иргэд шууд эрхлэх боломжийг нээсэн юм. Жишээ нь, та өнөөдөр ч кофе шоп ажиллуулъя гэвэл цахимаар хаана хэзээ эрхлэх хүсэлтээ илгээгээд л өдөрт нь хариугаа авах боломжтой гэсэн үг. Гэвч хуулийн хэрэгжилтийг хангуулах ёстой зөвлөл ажлаа сайн хийхгүй байна. Одоо хууль батлуулсан гишүүн нь хуулиа манаад хэрэгжилтийг хангуул гээд орилоод байдаг. Уг нь бол хуулийн хэрэгжилтийг хангуулах зөвлөлийг Засгийн газрын дэргэд байгуулсан. Одоо бол зарим төрийн байгууллагын дарга нар дур мэдэн шинээр зөвшөөрөл бий болгох хуулийг өөрөөр тайлбарлах асуудал гарч байгаа. Шинээр зөвшөөрөл бий болгох бол заавал УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Хамгийн сүүлд гэхэд АТҮТ-өөс Аялал жуулчлалын зөвшөөрөл гээд гаргаад ирсэн. Ийм байж болохгүй. Одоо иргэддээ хандаж хэлэхэд энэ мэт хуулийг өөрөөр тайлбарладаг, хуулиас гадуур зөвшөөрөл бий болгож гарын үсгээ үнэлдэг хүмүүсийг АТГ-т хандаад шалгуулах хэрэгтэй гэж хэлмээр байна”. гэв