Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан тус улсын Гадаад хэрэг, Европын яамны Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа
2025.04.14

Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан тус улсын Гадаад хэрэг, Европын яамны Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан өнөөдөр (2025.04.14) Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын яамны Төрийн нарийн бичгийн дарга Франо Матушичийг хүлээн авч уулзан, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Монгол, Хорват улсууд хүн амын тоо, ардчилсан тогтолцоо, нэг танхимтай парламент зэрэг олон зүйлээр ижил төстэй гэдгийг парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан дурдаад, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар идэвхтэй өрнүүлэн хөгжүүлэх боломж бийг тэмдэглэв.

Төрийн нарийн бичгийн дарга Франо Матушич тэргүүтэй төлөөлөгчид хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтад оролцож буй юм. Тэрбээр Азийн улс орнуудтай найрсаг харилцааг эрхэмлэн хөгжүүлж буй Бүгд Найрамдах Хорват Улсын гадаад бодлогыг танилцуулж, парламент хоорондын харилцааны механизм нь улс орнуудыг ойртуулан дотносуулахад чухал нөлөөтэй байдгийг онцлон, Хорват-Монголын парламентын бүлгийн даргын мэндчилгээг уламжлав.

Мэндчилгээг талархан хүлээн авч буйгаа Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан илэрхийлээд, Монгол-Хорватын парламентын бүлгүүдийн цахим уулзалтын ирэх сард хийх урилгыг хариу уламжиллаа. Уулзалтад тус улсаас манай улсад хавсран суугаа Элчин сайд Дарио Михелин байлцав.