ХҮҮХДИЙН “ДЭЭД ЭРХ АШИГ” ЯМАГТ НЭГДҮГЭЭР БАЙХ ЁСТОЙ!
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан
2024.05.31

ХҮҮХДИЙН “ДЭЭД ЭРХ АШИГ” ЯМАГТ НЭГДҮГЭЭР БАЙХ ЁСТОЙ!

Хүүхэд мэдлэг боловсрол олж авах, ирээдүйд зөв хүн болж төлөвших, бие даан амьдрах дадал, хүмүүжлийг эзэмшдэг гадаад, дотоод орчин нөхцөл дээд зэргээр таатай байх ёстой. Гэтэл хөдөө, орон нутаг дахь ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхдүүд хүндхэн нөхцөлд амьдарч байна. Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 548 дотуур байранд 34546 мянга орчим хүүхэд амьдарч байсан гэх тоон үзүүлэлт бий. Эдгээр дотуур байрын олонх нь буюу 320 нь 1990 оноос өмнө ашиглалтад орсон стандартын шаардлага хангадаггүй. ХЭҮК-оос хийсэн хяналт шалгалтаар дотуур байрын гадна дотно тохижилт шаардлагад нийцээгүй, өрөөнүүд нь гэрэлтүүлэг, агааржуулалт муу, галын аюулгүй байдал хангагдаагүй, өрөөнүүд хөшиггүй, охидын өрөөнд хяналтын камер суурилуулсан зэрэг ноцтой зөрчил илэрсэн. Дээрхээс гадна зарим сумын сургууль, дотуур байрын ариун цэврийн байгууламжийг боловсон болгох асуудал шийдэгдээгүй байна. Ганцхан жишээ дурдахад, Хөвсгөл аймгийн Цагаан нуур сум дахь еренхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг бага насны охид -40 хэмийн хүйтэнд дулаалгагүй, гэрэлтүүлэггүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй модон жорлонд бие засаж байна. Энэ бол эмгэнэл. Бид ийм л орчин, нөхцөлд Монгол Улсын ирээдүй болсон үр хүүхдээ хүмүүжүүлж, боловсрол олгож байна. Иймд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг зөв эрэмбэлэх, "Нэн тэргүүнд хүүхэд, хүүхдийн "дээд эрх ашиг" ямагт нэгдүгээрт гэдгийг алхам тутамдаа санаж дотуур байрын барилгуудыг үе шаттайгаар бүрэн шинэчлэх ёстой.

2022 онд бага насны 369 ХҮҮХЭД хүчиндэх ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ болсон нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах ёстой асуудал юм. 

Хүүхэд гэмт хэрэгт өртөх, цахим орчинд гэмт хэргийн хохирогч болж байгаад онцгой анхаарах шаардлагатай байна. Тэр дундаа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг далайцтай нөлөөллийн арга хэмжээг тогтмол явуулж, тусгай ажиллагаа хийх ёстой. Өнгөрсөн 2022 онд гэхэд 369 хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон. Бага насны хүүхдийн жирэмслэлт, үр хөндөлтийн асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн нь нууц биш. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх үндэслэлээр 18 насанд хүрээгүй 1000 орчим хүүхэд 2023 онд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газарт үзлэг хийлгэсэн. Хууль хяналтын байгууллагад бүртгэгдсэн, шүүхээр таслагдсан хэргийн статистик, судалгаа тайлангаас хүчирхийлэл үйлдэгч нь тухайн хүүхдийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд байх нь олонтаа. Тиймдээ ч ар гэрийнхэн нь хууль хяналтын байгууллагад мэдэгддэггүй, хохирогчоор гомдол гаргуулахгүй, хүчирхийлэгчтэй тохиролцох, эвлэрэх зэрэг байж боломгүй байдал нийгэмд байсаар байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн 42% "ХАМГААЛУУЛАХ ЭРХ ЗӨРЧИГДДӨГ гэж хариулсан

Нөгөөтээгүүр, хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд тухайн гэмт хэргийн. талаар мөрдөгч, шүүгч, прокурор, өмгөөлөгч, гэр бүл зэрэг олон хүнд, тэр дундаа эсрэг хүйсийн хүнд давтан ярих шаардлагатай болдог нь хохирогч залхах, сэтгэл зүйн хувьд эмгэгтэй болох, дарамтад орох явдал цөөнгүй байна. Тиймээс хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг шуурхай шийдвэрлэх, хүүхэд нэмж хохирохоос урьдчилан сэргийлэх, тайлбар, мэдээллийг ижил хүйсийн хүнээр авхуулах, хохирогчтой ажиллах мөрдөгч, өмгөөлөгч, шүүгч болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хүмүүсийг тусгайлан бэлтгэх шаардлага байна.

Зам тээврийн ослын улмаас эд хөрөнгө эвдэрсэн эсэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргадаг атлаа тухайн тээврийн хэрэгсэлд хүүхэд зорчиж явсан эсэх, амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүй нь эрсдэж болзошгүй байсан эсэхэд дүгнэлт огт хийдэггүй. Энэ нь хүүхдийн эрх ашиг ямагт хоёрдугаарт явж ирснийг, хүүхэд нэгдүгээрт гэдэг зарчим алдагдаж байгаагийн том жишээ юм. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас болон бүтэн өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн.

Монгол Улсад 2022 оны байдлаар 1,282,373 хүүхэд бүртгэгдсэнээс хагас өнчин 36,363, бүтэн өнчин 2,911, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12,882 хүүхэд байна. Бүтэн өнчин хүүхдийн тоо сүүлийн 5 жилийн хугацаанд буурсан үзүүлэлттэй байгаа бол хагас өнчин хүүхдийн тоо болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тоо өссөн үзүүлэлттэй. байна. Тухайн хүүхэд эцэг, эхтэй байх, хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамаарч эрхээ хамгаалуулах, онцгой халамж, туслалцаа авах эрхтэй.

Бүтэн өнчин хүүхэд гэж эцэг, эх нь тогтоогдоогүй эсхүл эцэг, эх нь хоёул нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, түүнчлэн эцэг тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад эх нь нас барсан, гэр бүл салсны улмаас асрамждаа авсан эх /эцэг/ нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдийг хэлнэ.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.7 дугаар зүйл.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан