2024.10.03

Р.Батболд: УБ-Лүн чиглэлийн 111.7 км зам Дарханы зам шиг болчих вий дээ

УИХ-ын чуулганы 2024.10.03-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Р.Батболд:

МонголБанк, Эдийн засаг хөгжлийн яамнаас хэдэн зүйл асууя. Та бүхэн инфляцийг 6.0 хувь дээр барина гэсэн. Энэ үнэхээр баригдах уу? Эрчим хүчний үнэ өсөхөөр дагаад бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд явчихна. Тэгэхээр одоо хэрэгжиж байгаа болон хэрэгжих төслүүд дээр үнийн өсөлт тооцно гэсэн их асуудал үүснэ. Үүнд тооцсон зүйл юу байна вэ?

Хоёрдугаарт, гадаад зээлийг хаана бүртгэж яваа вэ? Яагаад гэвэл Нийслэл дээр ирэх жил 2.0 тэрбумын төсөл, арга хэмжээ үнэт цаасны санхүүжилтээр тусгагдсан явж байх шиг байна. Жишээ нь хот үнэт цаас гаргаад яваад байх уу. “Сэлбэ сэргэлт” төсөл гэхэд 10 ихнаядын зорилтот түвшинтэй 1.5 ихнаяд төгрөгийн асуудал явж байна. Цаашилбал 15 ихнаяд буюу 4-5 тэрбум ам.долларын асуудал зөвхөн “Сэлбэ сэргэлт” төсөлд зарцуулагдах нь.

Мөн хотын удирдлагууд ногоон, эко орон сууцыг дэмжих тал дээр ямар бодлого байна вэ? Хотын төлөвлөгөөнөөс харахад, 2500 айлын хашааг дахин төлөвлөж дээр нь 12 мянган айлын орон сууц барина гэж байгаа. Энэ төвлөрлийг сааруулахад нэмэр болох уу. Өөрөөр хэлбэл, тухайн орчмын замын түгжрэл нэмэгдэхгүй юу.

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас асуухад, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний гадаад худалдааны хоригыг цуцална гэж байна. Үүнд арьс шир бусад бүтээгдэхүүн орж байгаа байх. “Хөдөө аж ахуйн бирж” гэдэг нэг газар 10 жил ажиллаж байгаа. Энэ байгууллага жинхэнэ утгаараа ажилламаар байна. Энэ бараа бүтээгдэхүүнүүд биржээр арилжаалагдах уу? Боломжит боомтуудаар экспорлоно гэсэн байна. Энэ ямар учиртай вэ?

Эрчим хүчний яамнаас мөн асууя. Ердийн үед цахилгаан эрчим хүчний хуримтлуур ашиг багатай гэж ярьдаг. Тэгвэл 2025 онд Багануур дүүрэгт 200 тэрбум төгрөгөөр хуримтлуур барина гэж байна. Үүнийг сэргээгдэх эрчим хүч тал руу нь хандуулж болохгүй юу. Заавал шинэ хуримтлуур хэрэгтэй юу?

Зам тээврийн яамнаас асуухад, Улаанбаатар-Лүн чиглэлийн 111.7 км замыг 4 урсгалтай болгоно гэж байгаа. Үүнийг яаж хийх вэ? Зорилтот түвшин нь 20 хувь байна. Дахиад 100 км зам хуулж хаяад Дарханы зам шиг болчих вий дээ.

Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.