2024.10.18

С.Бямбацогт: Улаанбаатарын төвлөрлийг багасгахын тулд бүсчилсэн татварын бодлого хэрэгтэй.

УИХ-ын чуулганы өнөөдрийн /202410.18/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт:

Монгол төрийн бодлого тодорхой байх ёстой. Харилцан уялдаатай байх ёстой. Урьд нь тэгж явж чаддаггүй байсан. Ийм байхын тулд бид ҮХНӨ-ийг хийсэн. Монгол төрийн бодлого урт, дунд, богино хугацаандаа уялдаатай байна. Салбарын дундаа уялдаатай, тогтвортой байх ёстой. Энэ дагуу бодлого төлөвлөлтийн хуулийг 2020 онд баталсан. Үүгээрээ бид урт хугацааны бодлогыг Алсын хараа-2050, дунд хугацааны бодлого нь 8 зорилтот хөтөлбөр, дээрээс нь 5 жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн мөрийн хөтөлбөр, мөн жилээр төлөвлөгөө баталдаг. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд жилийн төсөв баталдаг хуультай болсон.

Хуулийн дагуу бид төлөвлөгөөгөө 6-р сард баталж, төсөв маань батлагдах ёстой байсан. Энэ жил бол сонгуулийн жил гээд төлөвлөгөөгөө баталж чадаагүй учраас төсөв өргөн барьсны дараа төлөвлөгөө батлах гэж байна. Тиймээс төсөв, төлөвлөгөө хоёр хоорондоо уялдах, асуудал үүсэж магадгүй тул УИХ үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй байх. Аль болох төлөвлөгөөндөө туссан асуудлуудыг төсөвлөж хэрэгжүүлэх.

Урьд нь бол төлөвлөгөөг тоодоггүй төсвөө баталдаг байлаа. Тэгвэл одоо төлөвлөгөөндөө тааруулж төсөв тохируулах. Төлөвлөж байж төсөвлөлт хийгдэх ёстой. Ийм болсон учраас цаашид үүнийгээ баримталж явах сан.

Түүнээс гадна 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласан. Бүсүүдэд ялгаатай татварын бодлого хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суулгасан. Үүнийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Өргөн барьсан төсөвт ч тодорхой хэмжээнд тусгасан байгаа. Минийхээр бол харьцангуй бөөрөнхийдүү туссан гэж харж байгаа. Тиймээс бид төсөв батлахдаа бүсчилсэн татвар, бүсийн ялгаатай татварын бодлогыг онцгой анхаармаар байна.

Өнөөдөр Улаанбаатар хотоос алсрах тусмаа барааны үнэ өсдөг. Шатахуун, цахилгаан, гурил, будаа, хувцас хунар өндөр үнэтэй байдаг. Бас нөгөө талаар зарлага өндөр хэрнээ орлого бага. Цалин бага, малын гаралтай түүхий эд, мах, ноос ноолуур, төмс хүнсний ногоо хямд. Түүнээсээ болж Улаанбаатар хотод төвлөрч байна. Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг сааруулахын тулд өссөн төрсөн, алслагдсан бүс нутагтаа аятай тухтай амьдрах боломжийг л бий болгох ёстой.

Үүн рүү чиглэсэн татварын бодлогыг энэ УИХ хийчих юм бол маш том дэвшил болно. Татварыг зөвхөн хураах гэж бус өссөн төрсөн нутагтаа аятай амьдрах боломжийг бүрдүүлэхийн тулд ААН-ийн албан татварыг миний хувьд 2017 онд санаачлаад 1000-аас дээш км алслагдсан бол 1 хувь, 500-1000 бол 5 хувь болгосон байгаа. Үүнтэй адил ХАОАТ-ыг 1000-аас дээш км бол 1 хувь, 500-1000 бол 5 хувь болгосон. Иймэрхүү байдлаар оруулчих юм сан. Гэхдээ яг өргөн барьсан төсөл дээр ингэж тодорхой ороогүй байгаа. Үүнийг төсөв, төлөвлөгөө баталж байгаа энэ үед мөн бүсчилсэн хөгжлийг дэмжих жил гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусан энэ үед хиймээр байна.

 Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.