2024.11.25

Аймаг, нийслэлийн боловсролын газрын зарим дарга нар Боловсролын хуулийг зөрчиж байна

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баталгаажсан 126 гишүүнтэй анхны парламент мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер, багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдэж чадсан. Энэ хүрээнд ардчилсан парламентад тавигдах суурь шалгуур болох ард түмний төлөөллийг хангах чадвар эрс нэмэгдэж, салбар, салбарын төлөөлөл өөрсдийн байр сууриа парламентад илэрхийлсээр байна. Тухайлбал УИХ гишүүн Ц.Мөнхтуяа боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, онцгойлон багш нарын эрхийн талаар илүү тод дуугарч буй гишүүн.Тэрээр багшийн цалин, орон сууцны асуудал, мөн багш нарын тэтгэврийн насыг наашлуулах боломж байгаа эсэх талаар салбарын сайдаас удаа дараа тодруулж, тодорхой хариулт нэхсээр байгаа.

Түүний хувьд Боловсролын ерөнхий хуулийн зарим заалт хэрэгжихгүй байгаа талаар Боловсролын сайдад хандаж асуулга тавьсан юм. Боловсролын ерөнхий хуульд Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагаас бусад боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нар багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн. Боловсролын удирдлага, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, төгссөн байх талаар тусгасан. Мөн боловсролын сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар зургаагаас доошгүй жил, тэнхимийн эрхлэгч, албаны дарга, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйчээр дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэжлийн тэргүүлэх болон түүнээс дээш зэрэгтэй байх гэсэн заалтыг оруулж өгсөн.

Энэ нь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчид тавигдах үндсэн шалгуурыг маш нарийн заасан шаардлага болсон юм. Энэ дагуу аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нар харьяалах ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын албан тушаалын тодорхойлолтыг баталж, энэ тодорхойлолтын хүрээнд сул орон тооны сонгон шалгаруулалтыг явуулдаг.

Гэтэл аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын албан тушаалын тодорхойлолтыг Боловсролын яамнаас ирсэн чиглэлийн хүрээнд баталж гаргасан гэх нэрийн доор хуулинд тусгаагүй шаардлагыг оруулж ирж байгаа тухай гомдол их ирэх болсон. Үүнтэй холбоотой Боловсролын ерөнхий хуулийн зарим заалтын хэрэгжилтийн талаар салбарын сайдад асуулга хүргүүллээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа бүрэн эрхийнхээ хугацаанд багш нарын эрх, ашгийн төлөө хууль эрх зүйн тогтолцоог өөрчлөхөд хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлж буй цөөнгүй гишүүдийн нэг юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn