2025.04.08

О.Батнайрамдал: Дэлхий нийт улс орныхоо хөгжилд хиймэл оюун ухааныг ашиглаж байна, үүнээс манай улс хоцорч болохгүй

УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны /2025.04.08/ны өдрийн хуралдаанаар Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, түүнийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонслоо.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

Тогтвортой хөгжлийн зорилт 2030 НҮБ-аас гаргаснаас хойш маш олон орон өөрсдийн бодлогын түвшиндээ интеграц хийгээд явж байгаа. Дэлхий даяар явж буй трендүүдийг харахад, ирээдүйг ялангуяа хөгжлийн бодлого ярихдаа хиймэл оюунгүйгээр төсөөлж байгаа бол бид хоцорчхоод байна. Хиймэл оюун бидний төсөөлснөөс илүү бид нарын амьдралын тэргүүн нэг хэсэг болоод явчихсан. Бид ирээдүйн, хөгжлийн бодлого ярихдаа хиймэл оюуныг бараг параллель хамт түвшинд авч үзэж хэлэлцэхгүй бол хоцроод байна. Өнөөдөр дэлхийн далан орон өөрсдийн үндэсний стратегиа тодорхойлчихсон байгаа юм. Хиймэл оюун ухаан бидний амьдралыг дараагийн 20,30,5, 10 магадгүй 100 жилд бидний төсөөлснөөс илүүгээр өөрчлөх нь маш ойлгомжтой боллоо.

Олон улсад хэрэгжиж буй тогтвортой хөгжлийн зорилт 2030 энэ зорилтыг ярихдаа хиймэл оюун ухаангүйгээр ярихаар хоосон яриа болчих гээд байна. Үндэсний стратегийг хэзээ тодорхойлох вэ? Бид нар хэдэн жилээр аль хэдийн хоцорчихсон байгаа юм. Хиймэл оюун ухаан аливаа улс оронд сул талаа нөхөх маш том боломж олгож байгаа. Тэгэхээр бид жишээлбэл Монгол Улсын боловсролын хүртээмжтэй байдал, орон нутагт малчдын хүүхдүүд рүү хиймэл оюуныг зөв ашиглаж чадвал хэзээ ч нөхөж чадахгүй байсан тэр сул талаа нөхөж өгөхөд, маш том давуу тал үүсэж гарч ирээд байна. Дэлхийн хөгжилтэйгөө хөл нийлүүлээд алхмаар байгаа. Монгол Улс хамгийн сүүлийн судалгаагаар хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээн дээр 188 орноос 98-д жагсаж байна. Хэрвээ засгийн газар үүн дээр бодлогоо тодорхойлоод гаргаж чадвал энэ 98 гэсэн жагсаалтаас нэлээн урагшлах боломж харагдаад байгаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn