2025.05.26

Д.Ганмаа: Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж нь шалгуур үзүүлэлтүүдтэйгээ уялдахгүй байна

УИХ-ын чуулганы /2025.05.26/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа:

Нэгдүгээрт,

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн байна гээд их сайхан зорилтот түвшинтэй зүйл ороод ирж байгаа юм. Тэгээд их баярлаад харсан чинь шалгуур үзүүлэлт нь алсын зайн анагаах ухаан, үйлчилгээг нэвтрүүлсэн байдал гэж орж ирсэн. Нэвтрүүлсэн байдал гэдэг чинь шалгуур үзүүлэлтүүдтэйгээ ерөөсөө уялдахгүй байна. Хүртээмжийн шалгуур үзүүлэлтийг энэ шалгуур үзүүлэлтээр тогтоодог уу? Хүртээмж гэдгээ та өөрөө ойлгож харж байгаа юу Д.Очирбат дарга аа! Яам үүнийг харсан уу. Хүртээмжийг хэмждэг шалгуур үзүүлэлтийг тодорхойлохдоо жишээлбэл газар зүйн байршлаас хамаарсан хүртээмж гэж байж болно. Хүн амд хэрэгцээтэй тусламж гэж байж болно. Үйлчилгээ нь бэлэн байгаа эсэх, хүлээгдэлтэй байгаа эсэх, яаралтай тусламжийн хүлээгдэл, цаг хугацаа түүнд үзүүлсэн байдал, эсвэл санхүүгийн байдлаас шалтгаалсан хүртээмж буюу өрхийн орлогын хэдэн хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулж байгаа вэ? Гэх мэт зорилго, зорилттойгоо уялдуулж тогтоох ёстой. Тиймээс нэвтрүүлсэн байдлыг ямар хэмжүүрээр хэмжих вэ? Хэдэн төрлийн оношилгоо эмчилгээг алсын зайн анагаах ухаанд суурилсан технологийн тусламжтай хүргэсэн байх вэ. Одоо яг хэд нь байгаа юм. Эсвэл огт байхгүй юу. Хэд болгохыг зорьж байгаа вэ? Энэ мэтчилэн асуудлууд яригдаж, төлөвлөгдөж байж шалгуур үзүүлэлтүүд гарч ирэх ёстой. 

Хоёрдугаарт,

Эрүүл мэндийн байгууллагын чадавхыг сайжруулсан байна. Бас аятайхан зорилтот үр дүн гарч ирж байгаа юм. Тэхдээ шалгуур үзүүлэлтүүд дээрээ зүрхний хэм судлалын ангигоропийн гэмтэл согог судлалын хавдар судлалын үйлчилгээ үзүүлж байгаа аймгийн нэгдсэн эмнэлэг гээд ядаж өгүүлбэрээ дуусгахгүй юм уу? Яг юу гэх гээд байгаа юм. Ийм шалгуур үзүүлэлтүүд гэж байхгүй. Гол нь шалгуур үзүүлэлт нь хэмжигдэхүйц байх ёстой. Чадавхыг нэмэгдүүлсэн байна гэдэг нь чадавх гэдэг ойлголт нь ямар хэмжээсээр хэмжигдэх юм. Түүнд тохирсон шалгуур үзүүлэлтийг тодорхойлох хэрэгтэй. Эмч, эмчийн мэргэжлийн чадавх юм уу? Оношилгоо эмчилгээний чадавх юм уу? Дэд бүтцийн чадавх юм уу? Менежментийн чадавх юм уу? Үүнээс хамаараад KPI-ийн нэмэгдэл өөр өөр орж ирэх ёстой. Тиймээс зорилгыг маш тодорхой болгоод ямар чадавхыг тодорхойлох гээд байгаа дээрээ шалгуур үзүүлэлтүүд дээрээ оруулж ирээч. 

Гуравдугаарт,

Эрүүл мэндийг салбарын цахим мэдээллийн санг бий болгох нь олон салбарын хүлээж байгаа, засаглалын нэг том хэлбэр, эрүүл мэндийн яамны бодлого, 6 блокийн хамгийн том хэсэг байдаг. Гэтэл эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн сангаар мэдээлэл нэгтгэгдэж хэрэглэгчдэд хүрэх мэдээллийн төрөл гэдэг шалгуур үзүүлэлт орж ирээд байх юм боль л доо. Ийм шалгуур үзүүлэлт гэж байхгүй. Хэрвээ цахим мэдээллийн нэгдсэн сан байгуулах зорилго тавиад байгаа бол түүнийг хэмжих шалгуур үзүүлэлт нь эрүүл мэндийн салбарт нийт хэдэн мэдээллийн сан байгаа юм. Хэд нь нэгтгэгдэх юм. Хэд нь өгөгдлөө нэгтгэж тоон шалгуур болох юм? Ийм байдлаар оруулж ирмээр байна. 

Түүний асуултад, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Эрүүл мэндийн яам, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар тус тус хариуллаа