Хууль төрөх, хэрэгжих явцад дагаж мөрдөх 6 төрлийн аргачлал боловсруулжээ
2016.12.21

Хууль төрөх, хэрэгжих явцад дагаж мөрдөх 6 төрлийн аргачлал боловсруулжээ

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих бэлтгэл ажил хангагдсан эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад асуулга тавьсан юм. Энэхүү асуулгын хариуг товчлон хүргэж байна. 

Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг судалгаанд үндэслэж, тодорхой үе шат, аргачлалын дагуу боловсруулах ёстой. Үүнтэй холбогдуулан дараах 6 төрлийн аргачлалыг боловсруулан Засгийн газраар батлуулсан байна. Үүнд:

- Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал

- Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал

- Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал

- Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал

- Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх аргачлал

- Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал

Эдгээр аргачлалуудыг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төсөлтэй хамтран боловсруулжээ. Дээр дурдсан 6 аргачлалын талаар сургалт явуулж, 25 сурагч багшийг бэлтгээд байна.

Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу “Хууль тогтоомжийн сан бүрдүүлж, системчлэн ангилах журам”, “Хууль тогтоомжийн хувийн хэрэг бүрдүүлэх журам”-ыг тус тус батлуулаад байгаа юм.

Ирэх оны эхнээс хэрэгжих хуулийн бэлтгэл ажлын хүрээнд Хууль тогтоомжийн тухай хууль, аргачлал, гарын авлага, сайдын баталсан журам зэргийг багтаасан 1000 ширхэг эмхэтгэл хэвлүүлжээ.

Энэхүү эмхэтгэлийг Германы хамтын ажиллагааны нийгэмлэг санхүүжүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГ, Засгийн газрын гишүүд, агентлагуудад хүргүүлсэн юм. Мөн эдгээр хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, хэрэгжүүлэгч агентлагуудын холбогдох 300 орчим албан тушаалтан, мэргэжилтнүүдийн дунд 5 удаагийн сургалт явуулсан байна.

Сургалтад хамрагдсан төрийн албан хаагчид хуульд заасан аргачлалын дагуу үнэлгээ хийх субъект тодорхойгүй байна, үнэлгээг хууль санаачлагч өөрөө хийх нь зохиомжгүй зэрэг санал гаргажээ.

Удахгүй Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагуудад сургалт явуулах юм.

Хуулийн тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцаа 2016 оны 11 дүгээр сарын 30-нд Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулсан байна.

Танилцуулгыг сонссон Ерөнхий сайд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэгджээ.

Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийх үүргийг холбогдох төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод нэмж тусгах үүргийг Засгийн газрын гишүүдэд өгсөн байна.