Д.Ганхуяг: Улстөрчид бохир мөнгөө гүтгэлэгт зарцуулж байна
2012.06.06

Д.Ганхуяг: Улстөрчид бохир мөнгөө гүтгэлэгт зарцуулж байна

УИХ-ын гишүүнД.Ганхуягтай цаг үеийнасуудлаар ярилцлаа.

-Саяхан таныг Б.Одхүү начинд зодуулсан тухай ярьж байсан.Үнэхээр тийм зүйл болсон юм уу?

-Би уг нь болсон явдлыг хэлж байсан. Би тэр орой "Сөүл" ресторанд хоол идээд гарч явсан.Тэр үед Б.Одхүү начинтай тааралдсан. Уулзаагүй удсан болохоор эхлээд мэнд мэдэлцсэн.Гэтэл гэнэт Та нар мангуу, халдашгүй дархан эрхтэй гэв үү" гээд намайг түлхчихсэн.Тэгтэл тэндхийн үйлчлэгч нь "Цагдаа дуудчихсан, та холдчих" гэсэн.Тэгээд цагдаа ирсэн. Ийм л юм болсон. Зодуулсан бол би маргааш нь ажилдаа ирж чадахгүй биз дээ.

gankhuyag_01-Та эрхээ хамгаалуулна гэж цагдаад гомдол гаргасан юм уу?

-Би цагдаа шүүхэд хандаагүй. Цагдаад гомдол байхгүй гэсэн бичиг хийж өгсөн. Ийм л байна. Энэ бүхэн хэнд сонирхолтой байдаг юм бол.

-Саяхан таныг нэлээд сөргөөр бичсэн байсан?

-Баабарын бичсэн нийтлэлийн талаар асууж байх шиг байна. Би хувь хүнийх нь хувьд түүнд хэлсэн үг, хийсэн гэм байхгүй. Би төрийн түшээ болсноосоо хойш Монгол Улсын болон нийт иргэдийн эрх ашиг, хуулийг дээдэлж яваа.Тиймээс стратегийн ордууд дээрх булхайг шүүмжилсээр, хууль дээдлэхийг эрх мэдэлтнүүдээс шаардсаар ирсэн.

- Сүүлийн үед таныталаар янз бүрийн мэдээлэл их гарах болж. Энэ бүхэнд та албан ёсоор тайлбар хийсэнгүй. Хамгийн сүүлд гэхэд улс төрд хөтөлж оруулсан Р.Гончигдоржийг нясалж Архангайд нэр дэвших гэнэ зэргээр бичсэн байсан.Та үнэхээр Архангайд дэвших бодолтой байна уу?

-Энэ бас л стратегийн ордуудыг нийт 2.8 сая Монголчуудад ашигтай шийдүүлэх гэсэн тэмцэлтэй холбоотой. Мөн 2012 оны сонгуультай ч холбоотой байх шиг байна. Сүүлийн үед улстөрчид бохир мөнгө ихтэй болчхоод гүтгэлэг бичүүлж нийтлэх нь ихсэж байна.Түүнээс биш хүн өөрөө зовлогоо зовоож шударгаар олж авсан хөрөнгөө бусдыг гүтгэхэд зарцуулахгүй биз дээ. Энэ гүтгэлгийн цаад эзэд нь олигархжсан луйварчид гэдэг нь тодорхой байна. Би Р.Гончигдорж даргыг хүндэтгэж явдаг. Би Налайх, Баянзүрх дүүргийнхээ иргэд сонгогчид дээрээ нүүр бардам очно. Очно ч гэж дээ байнга уулзаж байгаа. Харин ч тэр хүмүүсийн гүтгэлэг надад олз байх болно.

-Та бусад гишүүдтэй харьцуулахад Ерөнхий сайдад харьцангуй олон удаа асуулга тавьдаг. Хүнсний аюулгүй байдлын талаар Ерөнхий сайдад асуулга тавьж, хариулт авсныг тань санаж байна. Хүнсний аюулгүй байдал ямар төвшинд байна гэж үздэг вэ. Асуулгадаа хангалттай хэмжээний хариулт авч чадсан уу?

-Асуулга бол парламентаас гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих нэг хэлбэр л дээ. Манайд хүнсний аюулгүй байдлыг хангах нь хамгийн тулгамдсан асуудлын нэг болсныг УИХ, Засгийн газар хүлээн зөвшөөрч, нэгдсэн ойлголтод хүрсэн гэж ойлгож байгаа. Манай дотооддоо үйлдвэрлэж байгаа, мөн гаднаас импортолж байгаа хүнсний бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь ихсэж байгааг хэн хүн-гүй ярьж байна. УИХ-ын чуулган дээр ч онцгойлон авч хэлэлцсэн. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа гишүүдийн асуултад хариулахдаа хэд хэдэн ноцтой баримт хэлж байсан. Сүүлийн үед мал, амьтнаас хүнд халдварладаг зарим өвчний гаралт нэмэгдэх хандлагатай болсон байна.

Хүний боомын өвчлөл л гэхэд 2000-2010 оны хооронд хийсэн судалгаагаар 15 аймаг, нийслэлд нийт 189тохиолдол илэрсэн байсан. 2011 оны тухайд 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Мөн малын бруцеллёз өвчин эрс нэмэгдэж байна. Сүүлийн 2-3 жилийн дотор хоолны хордлогод 2300 орчим хүн орсон гэсэн. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо. Бүртгэгдээгүй хэчнээн байхыг хэлж мэдэхгүй. Хордлогод орж байгаа хүмүүс ихэнх нь хүнсний бүтээгдэхүүнээс болж байгаа нь ойлгомжтой. Хоолны хордлогын гол шалтгаанууд дотор нянгийн гаралтай, химийн гаралтай хордлого ихэнх хувийг эзэлдэг юм байна. Ялангуяа жимс, жимсгэнэ, хүнсний нэмэлт бодисууд хордлогын гол шалтгаан болж байгаа. Гэтэл бид ийм төрлийн хүнсний зүйлийнхээ 80 орчим хувийг импортоор авч байна. Сүүлийн үед олон улсын байгууллагаас хийгдсэн судалгаагаар манай улсын хүнсний аюулгүй байдал хүнд байдалд орсон гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

 

-Их хурал чуулганаар онцгойлон авч хэлэлцсэн гэлээ.Тэгэхээр хууль тогтоогч, төрийн түшээ хүний тань хувьд асуухад Монгол Улс цаашид хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай юм бэ. Баталгаатай, эрүүл хүнс хэрэглэх ямар зөв гарц байж болох бол?

-Ер нь ихэнх оронд хүнсний аюулгүй байдал нь иргэдийнх нь эрүүл мэндтэй шууд холбоотой учир Үндэсний аюулгүй байдлын асуудалд хамрагддаг. Манайд ч адил-хан. Гэхдээ хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс гаргасан бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, дээр нь одоогоор мөрдөгдөж байгаа хууль тогтоомж нь нэлээд хоцрогдсон байна. Иймд эдгээр хууль, тогтоомж тодруулбал Хүнсний тухай хуулийг өөрчилж боловсронгуй болгох, шинээр Хүнсний аюулгүй байдлын тухай хууль Засгийн газраас боловсруулж батлуулах шаардлагатай. Нөгөө талаас импортоор оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйд тавих стандартын шаардлагыг дээшлүүлж олон улсын төвшнөөс дээш гаргах зайлшгүй шаардлагатай. Хүнсний сайн стандарттай оронд гаднаас чанар муутай хүнсний бүтээгдэхүүн орж ирэх боломж хомс байдаг. Хүнсний сайн стандарттай орны хүнсний бүтээгдэхүүн олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар өндөр байдаг. Уг нь гурван сая хүрэхгүй иргэдээ эрүүл хүнсээр хангаад, хүнсний бүтээгдэхүүний экспортын том орон болох боломж, потенциал Монгол Улсад бий.Тухайлбал өмнөд хөрш олон улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүн экспортолдог 180 орчим компаниудынхаа бүтээгдэхүүнд баталгаа өгдөг.Тиймээс манай импортлогчид өмнөд хөршийн энэ найдвартай хүнс үйлдвэрлэдэг компаниудтай худалдаа хийх нь зүйтэй.

Түүнчлэн хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнийг хэн ч хамаагүй импортолдог орон цөөрсөн. Энэ асуудлыг Худалдаа зохицуулалтын хууль гаргаж шийдвэрлэх шаардлагатай. Ер нь импортын хүнсний чанар, эрүүл ахуй. тээвэрлэх, хадгалах. борлуулах байдалд тавих стандартын шаардлагыг чангатгах цаг нь болсон. Хэнд ч ойлгомжтой нэг хандлага бол хөгжилтэй орон тусмаа иргэдийнхээ аюулгүй байдалд хамгийн хариуцлагатай хандаж байна. Дотоодын хүнсний үйлдвэрүүдийн үйлдвэрлэлд эрсдэлд суурилсан хяналтын менежментийг нэвтрүүлэх шаардлагатай. Хөгжилтэй орнуудад ийм хяналт бүрэн нэвтэрсэн. Энэ нь үйлдвэрлэгдээд худалдаанд гарсан хойно нь биш, түүхий эдийн үйлдвэрлэлээс авахуулаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дуусах бүх шатанд эрүүл ахуй, чанарын эрсдэлийн цэгийн хяналтыг нэвтрүүлнэ гэсэн үг л дээ. Мөн орон даяар малын өвчин болон малын халдварт өвчний хяналтын олон улсын  тогтолцоо, стандартыг нэвтрүүлэх шаардлагатай байна. Хүнсний аюулгүй байдлын төрийн хяналтын тогтолцоо маш оновчгүй, энэ асуудлыг хариуцдаг төрийн байгууллага байгаа ч юм шиг үгүй ч юм шиг байгааг өөрчлөх цаг болсон. Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн яам, ХХАХҮЯ-ны хариуцах ажлыг оновчтой болгох, мөн олон боомтоор хүнс зөөдөг байдал, дээр нь хүнсний хяналт, зохицуулалтын орчин үеийн лаборатори, тоног, төхөөрөмж учир дутагдалтай байсаар байна. Монголын төр иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй нь үнэн бол хүнсний аюулгүй байдлын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх цаг нь болсон.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.