Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна
“Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна. Энэ өдрийг Монгол Улс жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийн хүрээнд өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд ЭМСЯ, ДЭМБ, ХӨСҮТ, “Оном” сангаас хамтарсан хэвлэлийн бага хурлыг зохион байгуулллаа.
2010 оны тавдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаар, жил бүрийн энэ өдрийг “Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.
2015 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас вирүст хепатитийн халдвараас урьдчилан сэргийлэхийг бодлого боловсруулагчид, эрүүл мэндийн ажилчид, олон нийтэд уриалсан байна.
Вирүст хепатит өвчин нь дэлхийд хамгийн их тархсан халдварт өвчний нэг бөгөөд эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал болсоор байгаа.
Монгол Улс вирүст хепатитийн өвчлөл, нас баралт өндөртэй улс орны нэг бөгөөд элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлдэг гэсэн судалгаа байна.
1991 оноос В вирүст хепатитийн эсрэг вакциныг бага насны хүүхдээ дархлаажуулж эхэлсэн байдаг. Харин 2012 оноос А вирүст хепатитийн эсрэг вакцинаар 1-2 настай хүүхдүүдийг дархлаажуулснаар А, В вирүст хепатитийн өвчлөл эрс буурсан, хепатитийн С вирүст халдварын хувьд 95-98% үр дүнтэй шинэ эмийн эмчилгээг эхлэн хийхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 2010 оны 63/9, 2014 оны 67/6 дугаар тогтоолоор гишүүн орнууддаа вирүст хепатитийн халдварыг хяналтандаа авах өөрийн орны онцлогт тохирсон салбар хоорондын уялдаа холбоог хангасан вирүст хепатитаас сэргийлэх, оношлох, эмчлэх цогц бодлого бүхий үндэсний стратеги боловсруулан хэрэгжүүлэхийг зөвлөсөн.
ЭМСЯ-аас Вирүст хепатитийн халдварыг хяналтад авах зорилгоор “Вирүст хепатитийг илрүүлэх, оношлох, сэргийлэх үндэсний цогц хөтөлбөр”-ийн төслийг боловсруулсан ба батлагдах шатандаа явж байна.
Манай улсын хувьд вирүст хепатитийн A, B, C, D, E вирүсээр үүсгэгддэг элэгний үрэвсэлт өвчин зонхилон тохиолддог. Эдгээр вирүс нь өвчлөл үүсгэх шинж чанараараа хоорондоо ялгаатай. А, Е хепатит нь вирүсээр бохирлогдсон ундны ус, хүнсний бүтээгдэхүүнээр мөн бохир гараар дамждаг байна.
Харин В, С, D вирүс нь арьс, салстын гэмтээх, гоо сайхны болон мэс ажилбар, халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн болон биеийн бусад шингэн, халдвартай эхээс нярайд төрөх үед, мөн бэлгийн замаар тус тус дамжин халдварладаг аж.
Вирүст хепатит өвчнөөс сэргийлэх арга замууд:
•А, В вирүст хепатитийн халдварын эсрэг вакцин хийлгэх,
•Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх,
•Ундны ус, хүнсний аюулгүй байдлыг хангах,
•Цус, цусан бүтээгдэхүүний хяналт шинжилгээг сайжруулах,
•Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэх,
•Шаардлагагүй тариа, эрсдэлтэй хатгалтаас зайлсхийх,
•Шивээс хийлгэх, чих цоолох зэргээр арьс, салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахаас зайлсхийх,
•Хамгаалалтгүй бэлгийн харьцаанаас татгалзах, бэлгэвч хэрэглэх.
Вирүст хепатит өвчнөөс өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд, хамт олноо хэрхэн сэргийлэх, халдвар авсан бол өвчний хүндрэл, үр дагаврыг хэрхэн бууруулах талаар ард иргэд мэдээлэл, мэдлэгтэй байх явдал уг өвчинтэй тэмцэх ажлын үндэс суурь болно.