Өчигдөр хепатитай тэмцэх дэлхийн өдөр тохиолоо
2015.07.29

Өчигдөр хепатитай тэмцэх дэлхийн өдөр тохиолоо

ЭМСЯ, ХӨСҮТ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, “ОНОМ” сангийн төлөөлөл хамтран хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан өчигдөр хэвлэлийн хурал хийсэн юм.

2010 оны Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаар жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон зарласан. Монгол Улс вируст хепатитийн өвчлөл, нас баралт өндөртэй орны нэг бөгөөд элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна

Манай улс 1991 оноос В вирус хепатитийн эсрэг вакциныг бага насныханд хийж дархлаажуулж эхэлсэн бол 2012 оноос А вируст хепатитын  эсрэг вакцинаар 1 -2 настай хүүхдүүдийг дархлаажуулснаар өвчлөл эрс буурчээ. “Хепатитийн С вирусийн халдварыг 95 хувь эмчлэх шинэ эмийн эмчилгээг эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаж, шинэ эмүүдийг улсын бүртгэлд оруулан, эмчилгээ оношилгоонд хэрэглэж байна. ЭМСЯ,  ХӨСҮТ хамтраад вируст хепатитийн халдварыг бууруулах зорилгоор “Вируст хепатитийг илрүүлэх, оношлох, сэргийлэх үндэсний хөтөлбөр" -ийг боловсруулж, Засгийн газраар батлагдах шатандаа явж байна” гэж ХӨСҮТ- ийн дэд захирал Я.Буянжаргал хэлэв. Мөн энэ өвчнийг оношлон, эмчлэх удирдамжийг боловсруулж ЭМС- ын сайдаар батлуулжээ.

Энэ үеэр “ОНОМ” сангийн ТУЗ-ийн захирал Д.Наранбаатар “Монголчуудад хепатит вирусын өвчлөлд өөхтэй мах, архи хамгийн их сөргөөр нөлөөлдөг гэж бодохоос илүү вирус аюул учруулдаг" гэж анхаарууллаа. Тиймээс хепатит вирусын халдвараас урьдчилан сэргийлж, газар авахаас нь өмнө оношилгоо, эмчилгээг яаралтай хийлгэхийг сануулав. Хепатитын эсрэг дэлхийн өдрийг энэ жил өргөн цар хүрээтэй зохион байгуулж байна. Тухайлбал, Элэгний төвд хепатитийн В, С вирусийн халдварыг тодорхойлох шинжилгээг үнэгүй хийв. ЭМСЯ, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, “ОНОМ” сан хамтраад “Элгээ хайрлая” аянг орон даяар зарлаж хүүхдүүдийн дунд гар зураг, зохион бичлэг, богино хэмжээний кино, график дизайны постерын уралдаан зарласан байна. Вируст хепатит нь дэлхийд хамгийн их тархсан халдварт өвчний нэг бөгөөд 400 орчим сая хүн хепатит буюу элэгний үрэвслийн архаг халдвартай гэсэн дүн гарчээ.