Г.Шийлэгдамба сайд СЭМҮТ-д зочлов
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба өчигдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Өдгөө 86 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь жилд 40 гаруй мянган хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг, 6000 хүнийг хэвтүүлэн эмчилдэг аж. Өнгөрсөн онд 4821м2 талбай бүхий дөрвөн блок хэсгээс бүрдсэн шинэ цогцолбортой болсон нь эмнэлгийн үйлчилгээг өргөжүүлж, хүн амд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхэд ихээхэн тус дөхөм болжээ.
“Уг цогцолбор ашиглалтад орсноор клиникийн үйл ажиллагаа өргөжиж, хүүхэд өсвөр үе, яаралтай тусламжийн тасаг зэрэг зургаан тасаг шинээр үйл ажиллагаа явуулж байма. Үүнд иргэд ам сайтай байгаа” гэдгийг СЭМҮТ-ийы ерөнхий захирал Л.Насанцэнгэл хэлсэн. Мөн тэрээр “ЭМСЯ-аас сүүлийн жилүүдэд багагүй хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Энэ нь иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд ихээхэн дэмжлэг болсон. Сүүлийн үед сэтгэцийн өвчлөл залуужиж, архи болон компьютерт донтох, сэтгэл гутрал зэрэг өвчнөөр хандах хүүхэд, залуусын тоо олширсон” гэдгийг онцлов.