Сүрьеэгийн тохиолдлын түвшингээр бүсийн 37 орноос эхний дөрөвт орж байна
2015.08.08

Сүрьеэгийн тохиолдлын түвшингээр бүсийн 37 орноос эхний дөрөвт орж байна

Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг Непаль улсын сүрьеэгийн тархалтын судалгааны багийнханыг өнөөдөр хүлээн авч, уулзлаа. 

Тэрбээр хэлэхдээ “Монгол улс нь сүрьеэгийн тохиолдлын түвшингээр ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн 37 орноос эхний дөрөвт орж байна. Хүн амын ядуурал, шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, хүн амын дундах тамхины хэт хэрэглээний өсөлт зэрэг хүчин зүйл нь сүрьеэ өвчин манай хүн амын дунд тархахад нөлөөлсөөр байна. 2002 оноос “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний стратеги “ –ийг нийт 2 удаа боловсруулан амжилттай хэрэгжүүллээ. 
Манай улсад 1996 оноос ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шууд хяналттай богино хугацааны эмчилгээний стратеги (ДОТС)-ийг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор үндэсний түвшинд сүрьеэгийн лабораторийн сүлжээ байгуулан ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн үндэсний лавлагаа лаборатори 2006 оноос хойш ДЭМБ-ын лавлагаа лаборатори болох Япон улсын Сүрьеэ судлалын хүрээлэнтэй нягт хамтран ажиллаж, лабораторийн чанарын гадаад хяналтанд тогтмол хамрагдаж байна. 
Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн үндэсний лавлах лабораторит шинээр эмэнд тэсвэртэй сүрьеэгийн хурдавчилсан оношлогооны шинэ аргуудыг нэвтрүүлсэн нь тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн оношлогооны хугацааг 56 хоногоос 2 цаг хүртэл бууруулж чадсан. 

Хэдийгээр дээрх ололт амжилтууд байгаа хэдий ч хүн амын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байсааар байна. Иймд энэхүү судалгааг Монгол Улсын Засгийн газар, Глобаль сан болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2012-2015 онд хэрэгжүүлж байна. Энэхүү судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалаар явуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд ДЭМБ-аас 10 гаруй зөвлөх мэргэжилтэнүүд мэргэжил арга зүйн зөвлөмж өгч бидний ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн. 

Энэхүү судалгааг үндэсний хэмжээнд гүйцэтгэхэд санхүүжилт, хүний нөөц, дэд бүтэц гээд маш олон бэрхшээл тулгарч байгаа ч олон талын хамтын ажиллагаа ялангуяа Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл, ДЭМБ, орон нутгийн засаг захиргааны хамтарсан хүчин чармайлтын үр дүнд бид дуусгах шатанд явж байна” гэсэн юм. Харин Непаль улсын сүрьеэгийн тархалтын судалгааны багийнхан манай улсад айлчилж, туршлага солилцсон байгаадаа маш их баяртай байгаагаа уламжилсан юм.