Гадаадын эмч нарын баг Завхан аймагт ажиллав
УИХ-ын гишүүн Я.Санжмятав
2015.08.18

Гадаадын эмч нарын баг Завхан аймагт ажиллав

Завхан аймгийн Улиастай суманд наймдугаар сарын 13-18-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Я.Санжмятавын урилгаар АНУ-аас мэс заслын их эмч нарын баг, болон БНСУ-ын дотор, уламжлалт, шүд, хүүхдийн их эмч нар ирж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүллээ.

Дэлхийн олон оронд эмнэлгийн тусламж үзүүлж буй АНУ-ын мэс заслын эмч нарын баг шаардлагатай хагалгааг тус аймгийн эмч нарын багтай хамтран хийлээ.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: “АНУ, БНСУ-ын их эмч нарын баг гадаадын олон оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг туршалагатай хүмүүс. Сайн дурын эдгээр баг Завхан аймагт долоо хоног ажиллалаа. Энэ хугацаанд аймгийн нэгдсэн мэс заслын тасагт АНУ-ын их эмч нарын баг, “Одчим наран” эмнэлэг дээр БНСУ-ын эмч нар баг ажиллаж, 1000 гаруй хүнд үзлэг хийлээ.

Мөн АНУ-ын мэс заслын эмч нарын баг шаардлагатай хагалгааг аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт хийсэн. Үүнд манай эмч нарын баг хамтарч ажиллалаа. Гадаадын эмч нарыг урьж авчирснаар эмч нарыг дадлагажуулах, туршлага солилцуулах гээд олон талын ач холбогдолтой байлаа. Манай эмч нарын ур чадварыг гадаадын эмч нар үнэлж байна. Харин олон хоног бороо орсны улмаас агаарын нислэг хойшлогдсон ч БНСУ-ын эмч нар хугацаа алдахыг хүсэлгүй Улаанбаатар хотоос машинтай олон цаг явж ирлээ. Бид жил бүр гадаадын их эмч нарыг авчрах талаар ажиллаж байна.” гэсэн юм.