НҮБ-уудын хамтарсан баг айлчилж байна
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.09.08

НҮБ-уудын хамтарсан баг айлчилж байна

Халдварт бус өвчний (ХБӨ) Дэлхий дахины стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Монгол улсад халдварт бус өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд техникийн туслалцааг өргөжүүлэх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагуудын (НҮБ) хамтарсан баг 2015 оны 9 дүгээр сарын 7-ноос 11-ний өдрүүдэд Монгол улсад албан айлчлал хийж байна.

Албан айлчлалын багт НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа юм.

Өнөөдөр айлчлалын багийн гишүүд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг болон газар, хэлтсийн дарга нартай уулзлаа.

 Тус айлчлалын үеэр төлөөлөгчид ХБӨ-ний чиглэлээр бусад салбаруудын авч буй арга хэмжээ, тухайлбал тамхины хяналт, архины хор уршиг, замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ болон тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлст анхаарлаа хандуулж ажиллана. Мөн түүнчлэн дээрх чиглэлээр салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах, тэдгээрийг хэрэгжүүлэх сан бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой гэдгээ салбарын сайдад уламжилсан. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа ХБӨ өвчлөл ихсэж байгаа. Монгол Улс чихрийн шижин, зүрх судасны өвчлөл, хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашид олон нийтэд суурилсан иргэдийг оролцоог дэмжсэн үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх нь чухал байна. НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын энэ удаагийн ажлын айлчлалд амжилт хүсье. Цаашид энэ чиглэлээр амжилттай хамтран ажиллана гэдэгт найдаж байна” хэмээсэн юм. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд нас барсан нийт хүний 60 хувь нь халдварт бус өвчин болох зүрх судасны өвчин, тархины цус харвалт, хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчнөөс шалтгаалан нас барж байгаа бөгөөд энэ нь халдварт өвчнөөс (ДОХ, сүрьеэ, хумхаа зэрэг), шалтгаалсан нас баралтаас хоёр дахин их байна.

Монгол улсын хувьд халдварт бус өвчлөл нь хүн амын эрүүл мэнд болон улс орны хөгжилд ихээхэн тулгамдсан асуудал болоод байна. Зүрх судасны өвчин, хавдар, харвалт, чихрийн шижин, осол гэмтэл зэрэг нь хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.