Эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн асуудлаар зүүн бүсийн зөвлөгөөн зохион байгууллаа
Улсын Их Хурлын даргын Ажлын алба, Эрүүл мэнд, спортын яам, НҮБ-ын Хүн амын сан, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, эрэлт хэрэгцээг тодорхойлох нь” Зүүн бүсийн зөвлөгөөнийг 2015 оны 08 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулав. Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх, Ажлын албаны дарга С.Ламбаа зөвлөгөөнийг нээж үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ Мянганы хөгжлийн зорилтуудын 4,5,6 дахь зорилтын хэрэгжилтийг дүгнээд, цаашид Зүүн бүсийн аймгуудад эх, хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүрээнд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, бодит үр дүнд хүргэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийллээ. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр “Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудлаарх Мянганы хөгжлийн зорилтын биелэлт, цаашдын зорилт”, “Эхийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, эрэлт хэрэгцээг тодорхойлох, улсын төсвийг нэмэгдүүлэх нь” зэрэг илтгэлийг тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тэрээр илтгэлдээ нялхсын эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн түвшин 65.4 хувь байсан бол 2014 онд 15.3 хувь болж 4.3 дахин буурсан үзүүлэлттэй гарсныг онцлон дурдаад, цаашид Мянганы хөгжлийн зорилтын хүрсэн түвшинг тогтвортой хадгалах, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад бүх нийтийн оролцоо, салбар дундын хамтын ажиллагааг чиглүүлэх нь зүйтэй гэлээ. Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд нийлүүлж буй тоног төхөөрөмжийн хангалтыг цаашид аажмаар зогсоох тул шаардлагатай хөрөнгийг үе шаттайгаар улсын төсөвт тусгах хэрэгтэйг дурдлаа. Тэрээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн 3 дугаар амаржих газар, алслагдсан дүүргийн 2 дугаар эмнэлэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн хэмжээнд хийсэн судалгаанаас харахад эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад 39.3 тэрбум төгрөг шаардлагатай байгааг онцлов.
Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга нар эх, хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар танилцуулга хийлээ. Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, доктор, профессор С.Ламбаа “Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн чадамж” сэдэвт илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ эрүүл мэндийн салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг батлах, бид эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийг хангалттай баталсан ч хэрэгжилтэд нь сайтар хяналт тавин ажиллахгүй байна, ялангуяа эрүүл мэндийн салбарын засаглалыг бэхжүүлэх, санхүүжилтийн тогтолцоог сайжруулах асуудалд анхааран ажиллах нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглэв. Зөвлөгөөний төгсгөлд оролцогчдоос гаргасан санал зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.
Зөвлөгөөнд Сүхбаатар аймгийн Засаг дарга Я.Батсуурь, Эрүүл мэнд, спортын яамны Эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр болон Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгийн удирдлагууд болон 30 гаруй сумдын эх барих, хүүхдийн эмч, мэргэжилтэнүүд оролцлоо.