Хүүхдийн мөнгө авахад амьжиргааны түвшин хамаагүй болсон ч хүсэлт заавал гаргана
Хүүхдийн мөнгө авахад амьжиргааны түвшин хамаагүй болсон ч хүсэлт заавал гаргана
2016.01.12

Хүүхдийн мөнгө авахад амьжиргааны түвшин хамаагүй болсон ч хүсэлт заавал гаргана

УИХ Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг батлахдаа хүүхэд бүрт олгодог байсан хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохоор болсон билээ.

Гэхдээ төрийн гурван өндөрлөг зөвшилцсөний үндсэнд хүүхдийн мөнгө хэлбэрээр нийт 144 тэрбум төгрөг улсын төсвөөс гарахаар байсныг даруй 60 гаруй тэмбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болоод байгаа. Үүнтэй холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын 113 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Ингэснээр, хүүхдийн мөнгө ялгаваргүй, хуучин хэвээр олгогдох нөхцөл бүрдэх юм.

Гэхдээ дээрх тогтоолын төслөөс үл хамааран  өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд заавал хамрагдах ёстой аж. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдаагүй, уг судалгааны 18-20 дугаар бүлгийн хүүхдийн мөнгө авах хүсэлтэй иргэд хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл гаргаснаар хүүхдийн мөнгө авах эрх нь үүсэх юм байна. Харин уг судалгааны 1-17 дугаар бүлгийн өрхөд багтсан хүүхдүүдэд сар бүрийн 20 мянган төгрөг хэвийн олгогдох аж.

Мөн иргэд өрхийн бүлгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин бүлэг тодорхойлуулах хүсэлтийг ихээр гаргаж байгаа гэх мэдээлэл бий. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн VIII хорооны нийгмийн ажилтан Г.Нарандэлгэртэй холбогдоход тэрээр “өнөөдрийн байдлаар өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд дахин хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн 300 гаруй иргэний өргөдөл ирсэн. Энэ сарын 10-20-нд өргөдөл гаргасан айлуудаар явж, дахин судалгаа хийнэ гэж яригдаж байсан ч тодорхой чиглэл гараагүй байна” гэсэн юм.