Сайд цэвэрлэхийн 170 орчим ажилчны хувь заяаг шийдэх шийдвэр гаргалаа
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан GoGo.mn сайтад нийтэлсэн “Цэвэрлэх байгууламж” цуврал сурвалжлагын мөрөөр Төв цэвэрлэх байгууламжид ажиллалаа.
Тэрбээр Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн захирал Д.Мягмарсүх болоод бусад албаны хүмүүстэй очиж Төв цэвэрлэх байгууламжийн ажлын байр бүртэй өөрийн биеэр танилцав. Тухайлбал, тус газрын хамгийн хүнд нөхцөл гэх түүхий үлдэц шахах станц, хот, үйлдвэрүүдээс нийлүүлэх нэгдүгээр дамжлага болох “сараалж”, дуу чимээ ихтэй Агааржуулах станц зэрэгтэй танилцаж ажилчдын дуу хоолойг сонслоо.
Үүний дараа Г.Баярсайхан сайд Төв цэвэрлэх байгууламжид нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргав. Тэрбээр “Би эмч хүний хувьд энд ажиллаж байгаа хүмүүсийг хортой бус бүр онц хортой нөхцөлд ажиллаж байна гэж үзэж байгаа. Тиймээс Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн захирал Д.Мягмарсүхэд цэвэрлэх байгууламжийн ажилчдын ажлын байрыг судалсан дүгнэлт яаралтай гаргахыг үүрэгдлээ. Дүгнэлт гарсны дараа ажилчдын нөхцөлийг хүндээс хортойд шилжүүлэх болно” хэмээн албан ёсоор мэдэгдлээ.
Ажлын хэсэг сар орчмын хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл нөхцөлийн үнэлгээ хийх бөгөөд ажлын нөхцөлийг өөрчлөх тушаалыг Хүн амын бодлого, нийгмийн хамгааллын сайдтай хамтран гаргах юм байна.
Мөн үүгээр ч зогсохгүй энэ ажлын үргэлжлэл болгон хүнд, хортой нөхцөлийн ажлын байрны жагсаалтыг шинэчлэн тогтооно гэв.
Цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцсан Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн захирал Д.Мягмарсүх “Сайд үүрэг өглөө. Бид ажлын хэсэг гаргасан байгаа. Ирэх долоо хоногоос эндхийн бүх ажлын байранд хэмжилтүүд хийнэ. Ажлын орчинг хортой нөхцөлд оруулахаас өөр аргагүй нь тодорхой байна” хэмээн энэ үеэр ярьсан юм.
Тэрбээр цааш ярихдаа ажил олгогчид нэг асуудлыг ойлгох хэрэгтэй. Ажилчдын нөхцөлийн хэчнээн хортойд шилжүүлсэн ч асуудал намжихгүй. Ажлын орчинг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, энд нийлүүлж буй усны бохирдлыг арилгаж байж л асуудал шийдэгдэнэ гэлээ.
Төв цэвэрлэх байгууламжийн агаар хөрс зэрэг ажлын орчин нь байх ёстой хэмжээнээс 300 дахин их бохирдолтой бөгөөд энд ажиллаж буй хүмүүс гурван жилийн дотор мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Мэргэжлийн байгууллагын тогтоосноор Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж буй уснаас есөн төрлийн хүнд металл илэрдэг. Хүнд металлын хордлогын үр дагавар хүний биед шууд илрэхгүй ч хожим бие эрхтнийг нь “иддэг” байна.
Цэвэрлэх байгууламж 170 орчим ажилтантай. Сайд ажлын хэсэг гаргаж нөхцөлийг хортойд шилжүүлснээр тэд таван жилийн өмнө тэтгэвэртээ гарах боломжтой болж байгаа юм.
Мөн дээрх асуудлаас гадна удаан хугацааны турш гацчихаад байсан хүнд нөхцөлийн нэмэгдэл 120 төгрөгийг 1000 төгрөг болгох асуудалд анхаарал хандуулан ажиллахаа Хөдөлмөрийн сайд энэ үеэр мэдэгдэв.