Л.Энх-Амгалан: Засгийн газар "хэрүүлийн алим" оруулж ирэхээ боль
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.26/ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Засгийн газраас "хэрүүлийн алим" чирч оруулж ирэхээ боль гэж нилээд шүүмжлэлтэй хандаж байлаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Байнгын хороон дээр илэрхийлсэн байр сууриа нэгэн илэрхийлэхийг хүсч байна. Хууль тогтоомжийн тухай хууль баталсны дагуу төрийн бодлогыг УИХ биш Засгийн газар тодорхойлдог болсон шүү дээ. Салбарын төрийн бодлогуудыг Засгийн газар баталдаг болсныг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат та мэдэж байгаа биз дээ?
Би танд хандаж, царигийн хэрүүлийг УИХ-аар оруулах юм бол хэзээ ч батлахгүй гэж хэлсэн шүү дээ. УИХ-ыг ТЭЗҮ баталдаг мэргэжлийн зөвлөл битгий болгоод байгаач. Засгийн газар өөрсдөө шийд л дээ. Бүрэн эрх нь байгаа шүү дээ. Ямар цариг нь Монголд ашигтай талаар шийдэх гаргах хууль эрх зүйн орчин нээлттэй байна.
Дэлхийд 1,1 сая км урт төмөр зам бий. Үүний 70 хувь нь 1435 мм-ийн цариг юм. нарийн царигаар төмөр зам барих юм бол БНХАУ-аас танк орж ирнэ гэж өнгөрсөн найман жилийн турш ард түмний тархийг угаалаа.
Бид хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ? Ийм зүйл болно гэж байгаа. Гэтэл үлгэр домог мэт зүйл ярьсаар олон боломж алдлаа. Эдийн засагчид алдагдсан боломжийг тооцоолсон байдаг. Хэрэв Тавантолгойн төмөр зам баригдсан бол найман жилийн дотор хамгийн багаар бодоход 100 сая тн ачаа Монголын төмөр замаар тээвэрлэгдэх байсан эдийн засагт 1,3 их наяд ам.доллар орж ирэх боломжийг алджээ. Бондын төлбөр, өрөө төлөх боломж бидэнд байсан.
Бид бүх зүйлийг эдийн засгийн агуулгаар ярих ёстой. Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг гэхгүйгээр нэгдүгээрт улс төр, хоёрдугаарт улс төр, гуравдугаарт улс төр гээд байж болохгүй шүү дээ.
Нэг үе эдийн засгийн өсөлт 13 хувь байсныг өнөөдөр 1 хувь болгочихоод сууж байна. Энэ бол Монголын төмөр замын бодлого буруу байсны тод илрэл.
Монгол Улсын экспортын 95 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн буюу манай улсад орж ирж буй 100 ам.доллар тутмын 95 нь уул уурхайн бүтээгдэхүүн зарж, борлуулсных байна. Гэтэл өнөөдөр ам.долларын ханш чангарчихсан, эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар буурсны гай нь төмөр замын алдаатай бодлого шүү дээ. Тэтгэвэр, тэтгэмжээ тавих байсан мөнгөө алдсан.
Жил бүр 1100 цэцэрлэг барих мөнгийг алдсан. Ийм ойлгомжтой асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж ирж, "хэрүүлийн алим" үүсгэх ямар ч шаардлагагүй байсан. Сайд юм бол сайд шиг бай. Яам юм бол яам шиг бай.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат:
Би өөрийгөө хуулийн дагуу ажиллаж байна гэж ойлгодог.
"Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордод боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар УИХ-д танилцуулж, шийдвэрлүүлнэ" гэж Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 4,1,2 дахь хэсэгт заасан байна.
Тийм учраас Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний эцэст УИХ-аар оруулж байгаа нь энэ.