2017.02.01
Зүүн баян-Ханги чиглэлийн төмөр замыг бодлогын баримт бичигт зайлшгүй тусгах ёстой гэж үзлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр/2017.02.01/ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлийн төмөр зам барих, тээвэрлэгдэх голлох ачаа нь төмрийн хүдэр байхаар тусгасан юм.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд дээрх төслийг УИХ-аас өмнө баталж байсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигтэй зөрчилдсөж байна. Төслийг УИХ баталбал хууль эрхүйн зөрчил гарна гэсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого дээр Ханги гэсэн заалт байгаа юмуу? байхгүй бол үүнийг дээрх бодлогод оруулж байж, энэ төсөлд тусгах хэрэгтэй.
Зам тээврийн сайд Д.Ганбат сайд хариулав:
Бодлогод Зүүнбаян- Ханги чиглэлийн Төмөр зам гэсэн чиглэл байхгүй байгаа. Бид бодлогод орсон чиглэл маршрутын дагуу судалгаануудыг хийсэн. Хөөт бичигт, Таван толгой - Гашуун сухайт, Нарийн сухайт - Шивээ хүрэн гэсэн төмөр замуудын чиглэлүүд бодлогын баримт бичигт туссан байгаа. Дээрээс нь Хөөт-Нөмрөг гэсэн чиглэл байгаа. Овоот-Эрдэнэтийн чиглэлийн төмөр зам сүүлд нэмэгдэж орж ирсэн. Эдгээрийг бид эдийн засгийн ач холбогдлоор нь дугаарлаад Хөөт-Нөмрөгийг чиглэлийн төмөр зам өнөөдөр манай улсын эдийн засагт ач холбогдолгүй байна гэж үзсэн. Харин эдийн засгийн ач холбогдлоороо илүү байгаа Зүүн баян -Хангийн чиглэлийг барих нь зүйтэй гэж үзээд оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
"Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлоготой зөрчилдөж байна. Бодлого дээрээ Ханги гэсэн үг байхгүй шүү дээ. Тэгэхээр бодлого дээрээ үүнийгээ зайлшгүй тусгаж байж, дараа нь энэ төслөө оруулж ирэхээс өөр арга байхгүй. Бид үүгээр нь баталбал бодлоготой, хууль эрхзүйтэйгээ зөрчилдөнө. Мөн Хангийн чиглэлд Зүүн баян биш Сайншанд гэсэн чиглэлийг явах нь зүйтэй гэсэн саналтай байна. Төслөө татаад, яаралтай эргүүлж оруулж ир. Эргэж оруулж ирэхдээ Сайншандын чиглэл, төмөр замын царгийн асуудлаа нарийн судалгаа дээр тулгуурлаж оруулж ирэх нь зүйтэй байна"
Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат “Төслийг татан авъя” гэдэг тайлбар хийж, Байнгын хороо тус төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.