Б.Баттөмөр: Нарийн цариг буюу Зүүнбаянгаар дамжуулж, хил давуулах юм бол илүү ашигтай юм шиг санагдаж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2017.01.27

Б.Баттөмөр: Нарийн цариг буюу Зүүнбаянгаар дамжуулж, хил давуулах юм бол илүү ашигтай юм шиг санагдаж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.26/ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр эдийн засгийн тооцоолол сайн хийх хэрэгтэй талаар Засгийн газарт санууллаа. 

Б.Баттөмөр: Төмөр зам барья гээд цариг яриад байвал урагшлахгүй 

Өнгөрсөн 30 гаруй жилийн түүхэнд Сэлэнгэ аймагт тавигдсан хэдэн км төмөр замыг эсвэл тооцвол Монгол Улс ойрын 30 жилд төмөр зам барьсангүй. Манай улс шиг мэдлэгийн эдийн засаг хөгжөөгүй, түүхий эдээ экспортолдог улсын хувьд төмөр зам гэдэг үнэхээр чухал ач холбогдолтой. Тэгсэн атлаа төмөр зам барьж чаддаггүй. Төмөр зам барья гэхээр цариг яриад байвал урагшлахгүй.

Цариг гэдэг ойлголт бол бараа бүтээгдэхүүнийг яаж тээвэрлэхээс шалтгаалах болов уу гэж боддог. Тогтоолын төслийн үзэл баримтлалаас Сэлэнгэ аймагт байгаа хэдэн төмрийг төмөр замаар гаргах гэж байна гэж ойлгогдлоо. Нарийн цариг буюу Зүүнбаянгаар дамжуулж, хил давуулах юм бол илүү ашигтай юм шиг санагдаж байна. Тооцоогоо сайн хийх ёстой. Танилцуулгаас харахад БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх 300 гаруй км зайг хэмнэж, бид өөрсдөө 1 тэрбум ам.долларын санхүүжилт босгох замаар төмөр зам барихаар төлөвлөж байгаа бололтой. Энэ бол буруу тооцоо.

Монгол Улс, БНХАУ-ын хоорондын эдийн засгийн томоохон коридор нь төмөр зам зайлшгүй мөн. Тиймээс энэ төмөр замыг барих хэрэгтэй. Барихдаа хэд, хэдэн асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байна.

Эдийн засгийн үр ашиг. Жишээлэхэд, 4 ам.долларын хэмнэлт гарна. Жилд арван сая тн төмрийн хүдэр нэмж тээвэрлэнэ гэж тооцвол жилд 40 сая ам.долларын ашигтай ажиллах боломжтой гэж үзвэл түүнийгээ 1 тэрбум ам.доллартай хуваавал 30-аад жилийн дараа алдагдлаа нөхөх тооцоо гарч байна.

Тиймээс Монгол төрийн нуруун дээр ачаа болгохгүйгээр хувийн хэвшлийнхэн концессоор барьж, тодорхой хугацааны дараа Засгийн газарт хүлээлгэн өгдөг нөхцлөөр энэ төмөр замыг барих нь зүйтэй гэж үзэж байна. Үүнээс биш, Монгол Улсын Засгийн газраас баталгаа гаргаж, өрөн дээрээ өр нэмбэл уг төсөл ашиггүй болно. Тиймээс тооцоо судалгаа сайн хийж, төсөл хэрэгжүүлэх олон аргаас сонгох хэрэгтэй. Жишээлэхэд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад төслийн эдийн засгийн үр ашгийг сайтар ойлгуулснаас хөрөнгө босгох боломж бүрэн бий.

Ж.Эрдэнэбат: Өргөн царигаар баривал дотоодын ачаа, тээвэрт хүндрэл гарахгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат

Засгийн газрын хуралдаанаар энэ төмөр замыг тавих эсэх асуудлыг нилээд олон талаас ярилцсан. Төмөр замын тээвэрлэлт бол зөвхөн экспортод зориулсан юм биш. Дотоодын тээвэр ч бас хамаарна. Нэгэнт дотоодын тээвэр явагдах төмөр зам Алтанбулаг-Замын-Үүд хүрэх үндсэн төмөр замтай холбогдож байгаа учраас нарийн, өргөн болж өөрчлөгдөх юм бол зорчигч, ачаа тээврийн үйлчилгээний өртөг, зардал нэмэгдэх магадлал бий.

Үндсэн төмөр замтай холбоотой байгаа төмөр замуудыг өргөн царигаар явуулах юм бол дотоодын бараа, зорчигч тээврийн үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй юм.

Харин бусад улстай хиллэж буй хилийн гарцын хувьд царигийн өөрчлөлт гарч байгаа тохиолдолд хил дээр нь өөрчилснөөр дотоодын тээвэрт ямар нэгэн хүндрэл гарахгүй гэсэн тооцооллын улмаас Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг өргөн царигаар явуулах ёстой гэж үзсэн.

Жишээлбэл, Сайншанд-Замын-Үүд-Эрээн-Бугат чиглэл гээд аваад үзвэл Замын-Үүд-Сайншанд, Сайншанд-Замын-Үүд хүртэлх чиглэлд нарийн царигаар төмөр зам тавьсан тохиолдолд замын дугуйг зайлшгүй солих шаардлагатай болно. Замын дугуй солино гэдэг ачаа, тээвэрлэлтэд хүндрэлтэй гэсэн үг. Тиймээс дотооддоо өртөг зардлаа нэмэхгүй байх бодлого барьж байна.

Гэхдээ заавал анх оруулж ирсэн төслөөрөө батлагдана гэсэн үг биш. Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй төмөр зам уу гэвэл зайлшгүй хэрэгтэй. Тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдчихээд өргөн байна уу, нарийн байна уу гэдгийг хэлэлцэх боломж бий.