Ж.Ариунаа: 60 тэрбумын талаар ярилцаж байсан нь тогтоогдсон
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТАНД БАЙГАА ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН ЗАРИМ ХЭРГҮҮДИЙН ШИЙДВЭРЛЭЛТ, ЯВЦ БАЙДЛЫН ТАЛААР НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ, Ж.АРИУНААТАЙ ЯРИЛЦЛАА.
-Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж байгаа "МАН-ын удирдах албан тушаалтнууд Төрийн албыг ашиг болгон үнэлж "60 тэрбум” төгрөг босгосон гэх хэргийн явц байдал ямар шатандаа явж байна?
-Энэ асуудал 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн өмнө олон нийтийн дунд сошиал орчинд аудио бичлэг тарж эхэлсэн.
Үүний дагуу хуулийн байгууллагаас холбогдох шалгалтыг хийж гүйцэтгэн тухайн асуудал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнээд 2016 онд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
Гэтэл 2017 оны 5 сараас тухайн асуудал дахин яригдаж эхэлсэн бөгөөд аудио бичлэгийн хэмжээ ихэсч 40 минутын, 90 минутын, 162 минутын бичлэгүүд шинээр гарч ирсэн.
Үүнтэй холбогдуулж Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх шинээр ирүүлсэн бичлэгүүдийг шалгах шаардлагатай гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн.
Ингээд хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн албаны удирдах албан тушаалтнууд өөрөөр хэлбэл ахлах мэргэжилтэн, хэлтэс, газар, агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, сайд гэхчлэн 3000 гаруй алба хаагч нарын судалгааг гаргасан.
Үүнээс 2016 оны сонгуулийн үр дүнгээс хойш төрийн албанд ахлахаас дээш албан тушаалд томилогдсон, дэвшин томилогдсон нийт 1446 албан хаагчийн төрийн албанд томилогдсон байдлыг шалгасан.
Түүнчлэн Монгол Ардын намаас 2016 оны сонгуулийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгсөн санхүүгийн тайлан, бусад холбогдох санхүүгийн баримт, материал, нэр бүхий хүмүүсийн дансны хөдөлгөөн, Монгол Ардын намд 2016 оны сонгуулиар авсан хандив, тусламж өгсөн хувь хүн, албан тушаалтан, хуулийн этгээдүүдийг шалгасан.
Мөн Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авч, 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар шалгахад сонгуулийн үйл ажиллагаанд хэн нэгэн албан тушаалтан, нам эвсэл, улс төрийн хүчний зүгээс хөндлөнгөөс нөлөөлсөн, санал тоолох машин /хар машин/-ыг хакердсан, сонгуулийн үр дүнг зориудаар өөрчилсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл сонгуулийн үйл ажиллагаанд ямар нэгэн будлиан зөрчил үүсээгүй, хууль, журмын дагуу хэвийн явагдсан болох нь тогтоогдсон.
Дээрх шалгалтын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.
-Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын дуу хоолой бүхий аудио болон видео бичлэг цахим орчинд тавигдсан. Тухайн бичлэгийн талаар шинжилгээний байгууллагаас ямар дүгнэлт гаргасан бэ?
-Бичлэгтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 6 удаагийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 1 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан.
Олон нийтэд тараагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийн хувьд эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.
Өөрөөр хэлбэл 3 хүний харилцан яриа бүхий дууны бичлэгт эвлүүлэг хийж дүрс, текст оруулж монтаж хийсэн гэдэг нь тогтоогдсон. Харин сүүлд шинээр гарч ирсэн зөвхөн дууны бичлэг болох 40 минут, 162 минутын гэх бичлэгүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан "Шинжилгээний обьект нь эх хувь байна” гэсэн шаардлагыг хангаж чадаагүй учраас шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг шинжилгээний байгууллагаас гаргасан байдаг.
Бид аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ зайлшгүй тусгай мэдлэг шаардагдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулдаг. Гэтэл Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжилгээний обьект нь заавал эх хувь байна гэдэг заалттай.
Энэ утгаараа дээрх бичлэгүүд нь эх хувь биш хуулбар байсан тул шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байдлыг бий болгосон байгаа.
Ер нь цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулж байгаа нэг асуудал бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан "Шинжилгээний обьект нь эх хувь байна” гэсэн заалт болоод байгаа учраас прокурорын байгууллагаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг байгууллагад дээрх хуулийн заалтыг эргэж харах, дэлхий нийтийн жишигт нийцсэн техник тоног төхөөрөмж, өндөр мэдлэг боловсрол бүхий боловсон хүчинтэй болох тэдний чадавхыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах талаар албан бичиг хүргүүлэхээр тогтсон.
Хэдийгээр олон нийтэд тараагдсан аудио бичлэгт шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн хэдий ч хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуульд оролцох Монгол Ардын намын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон гэж үзсэн.
Гэхдээ тухайн яриа, төлөвлөгөө нь бодит байдал дээр хэрэгжсэн нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй.
-Улсын Их хурлын гишүүн асан Ц.Оюунгэрэл 90 минутын гэх бичлэгт Америкийн Нэгдсэн улсад шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан энэ талаар?
-Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гаргаж өгсөн Америкийн Нэгдсэн Улсын "Нью Йорк” хот дахь "Аудио Пэйнт” ХХК-ийн салбар болох шүүх шинжилгээний үйлчилгээний "Легал Аудио Видео” компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлт гэх баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр шинжээч томилж, тухайн хуульд заасан шинжээчийн эрх эдэлж, үүрэг хүлээсэн, хэрэв санаатайгаар худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгож, үүнийгээ баталж дүгнэлт гаргаж буй шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх хуулийн зохицуулалттай.
Тэгэхээр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гаргаж өгөөд байгаа шинжээчийн дүгнэлт гэх баримтыг бид нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
-А.Ганбаатар хэвлэлийн хурал хийж, "60 тэрбум” төгрөг босгох тухай уулзалт, ярианд Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Улсын Их хурлын гишүүн Ц.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцсон гэж мэдэгдсэн. Энэ асуудлыг шалгаж тогтоосон уу?
-Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай яриа уулзалтанд Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, Улсын Их хурлын гишүүн Ц.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар болон А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй.
-"Монголын төмөр зам” ТӨХК-тай холбоотой Монголын төмөр замын суурь бүтэц барих ажлыг хууль бусаар явуулсан хэрэгт төрийн нэр бүхий албан тушаалтнууд холбогдсон асуудал ямар шатандаа шалгагдаж байна вэ?
-Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар Зам Тээврийн Яам болон "Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн албан тушаалтнуудад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.
Хэрэгт Гашуун сухайт Ухаа худаг чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессыг холбогдох хууль тогтоомж зөрчин "Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлж улмаар БНСУ-ын "Самсунг Си энд Ти” ХХК-тай концессын гэрээ байгуулан улсад их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, "Самсунг Си энд Ти” компаний Монгол дахь "Эс Си Ти Си Эм” ХХК-ний захирал БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж 2017 оны 03 дугаар сард шүүхэд шилжүүлсэн.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2017 оны 07 дугаар сарын 29-нд нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэн хэргийг буцааж, шүүхийн захирамж, магадлалд заасан ажиллагааг хамтарсан ажлын хэсгээс хийж гүйцэтгэн одоо А.Гансүх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтанд ирүүлснийг хянаж байна.
-Энэ хэрэгт Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан Х.Баттулгыг холбоотой гэж яригдаж байсан. Ямар хамааралтай болох талаар мэдээлэл өгнө үү?
-Эрүүгийн 201501000154 дугаартай А.Гансүх нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад "Монголын Төмөр Зам” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ, "Либерти партнерс” ХХК-г үүсгэн байгуулсан Ч.Ганбат нар нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдахаас өмнө Монгол Улсын хилээр гадагш гарсан бөгөөд П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нар байхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасны дагуу П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нарт холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан.
Ажлын хэсгээс хэргийн холбогдогч нарт шинээр мөрдөгдөж эхэлсэн хуульд нийцүүлэн яллагдагчаар татах санал гаргаж ирүүлснийг прокуророос хянаж үзээд Х.Баттулга нь Ч.Ганбат, Б.Батзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож Даланзадгад Чойбалсангийн чиглэлийн 1100 орчим километр төмөр замын суурь бүтэц барих төсөлд Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багаар "МакКинсэй энд Компани” компанийг холбогдох хууль тогтоомж зөрчин сонгосон, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхтэй бүлэглэн Концессын хууль холбогдох бусад дүрэм журмыг зөрчин Гашуун сухайт Ухаа худаг чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг хууль бусаар "Самсунг Си энд Ти” компанид шилжүүлсэн зэрэг үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнээд Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгэрэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Харин дээрхи хэрэгт Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг мөрдөгчийн саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагчаар татан одоо мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
-Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын ажилд нэр бүхий улс төрийн албан тушаалтнууд 4.4 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх асуудал ямар шатандаа явна вэ?
-Эрүүгийн цагдаагийн газрын Гүйцэтгэх ажил эрхэлсэн тасгаас дээрх мэдээллийн талаар шалгаж 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 1661 дугаар зүйлийн 1661.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад, тухайн үед "Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны зарим албан тушаалтнууд болон "Натур фрейндли” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Буяндэлгэр, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дарга М.Баянмөнх, нарийн бичгийн дарга Г.Түвшинжаргал, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Золжаргал гэх зэрэг 20 гаран хүмүүсийг холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 273 дугаар зүйлийн 273.2, 1661 дугаар зүйлийн 1661.3, 148 дугаар зүйлийн 148.4 дахь хэсэгт зааснаар шалгасан.
Хэрэгт цугларсан баримтаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, "Сайн шанд аж үйлдвэрийн цогцолбор” ХК, "Натур Фрейдли” ХХК-ний хооронд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт орших 3519.7 га, шинэ суурьшлын бүс байгуулах Сайншанд сумын нутаг дэвсгэрт орших 508.9 га талбайд болон Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт орших "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын 24623 га талбайн "Байгаль орчин, нийгэм эдийн засгийн төлөв байдлын үнэлгээ”-ний хүрээнд бодит ажлыг гүйцэтгэсэн нь тогтоогдсон.
Тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нараас прокурорт гаргасан гомдлын дагуу хэргийг хянаж "Натур Фрейндли” ХХК нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийж гүйцэтгэх гэрээний дагуу улсын төсвөөс нийт 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авч, зориулалтын дагуу зарцуулаагүй, холбогдох албан тушаалтнуудын хамт завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, олсон орлогын хууль бус эх сурвалжийг нуун далдлах зорилгоор бусдад шилжүүлж, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
-Оффшор бүсэд данс эзэмшдэг хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдээлж байсан. Шалгалтын явц байдал хэр үр дүнтэй байна?
-Олон улсын сэтгүүл зүйн нийгэмлэг /ICIJ/ цахим хуудсанд оффшор бүсэд данс эзэмшдэг аж ахуй нэгж, компани, хүмүүсийн талаар мэдээлэл гарсан энэ дунд "Монгол улс” гэсэн бүртгэлтэй 49 буюу 48 иргэн, 1 аж ахуй нэгжийг мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд үүнийг нарийвчлан шалгаж үзэхэд Монгол Улсын 29 иргэний нэр дээр бүртгэлтэй 42 аж ахуй нэгж тогтоогдсон.
Үүнээс 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс болон уг хүмүүстэй хамаарал бүхий хүмүүс байдаг.
Тухайн хүмүүсийг ХАСХОМ-ийн мэдээллийг хянаж үзэхэд оффшор бүсэд данс эзэмшдэг талаар огт мэдээлэл бичээгүй болох нь АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн шалгалтаар тогтоогдсон тул 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
-Оффшор данстай холбогдуулаад дэлгэрүүлж асуух зүйл байна. Олон нийтийн сүлжээгээр Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр нар оффшор бүсэд данс эзэмшдэг гэж гарч байсан ч, тухайн асуудалд нэр холбогдсон эрхмүүд үгүйсгэж байсан энэ талаар хариулт өгөөч?
-Оффшор бүсэд данс эзэмшдэг гэх 23 иргэний мэдээлэл дотор таны сая асуусан хоёр хүн байгаа. Тухайн хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүдийг олж тогтоох болон бусад мэдээлэл нь энэ хэрэгт шалгагдаж байгаа.
Харин энэ хэрэгт гадаад улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй дансны мэдээллийг шалгах шаардлага гарч байгаа нь Олон улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу гадаад улсын нутаг дэвсгэр дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хүсэлт хүргүүлэх болон хариу материал авах зэргээр цаг хугацаа нэлээн шаардсан ажиллагаатай бөгөөд одоо энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-Сүүлийн асуулт. УИХ-ийн гишүүн Д.Гантулгатай холбоотой гэх хэрэг олон нийтийн анхаарлыг их татаж байна. Энэ хэргийн талаар?
-2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ч.Наранзаяа нь бусдад хүчиндүүлсэн гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргаж, уг гомдол мэдээллийг тус хэлтсээс шалгаж, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийг Ч.Наранзаяа эс зөвшөөрч Улсын Ерөнхий Прокурорын газарт хандаж гомдол гаргасны дагуу материалыг Улсын Ерөнхий Прокурорын газраас хянаад нэмэлт нотлох баримт цуглуулж, шалгах шаардлагатай гэж үзэж 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
-Баярлалаа.
ЭХ СУРВАЛЖ: www.prokuror.mn