Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн засаг даргыг огцруулах санал хүргүүлжээ
Өчигдөр МАН-ын удирдах зөвлөлийн хурал болж нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ.
Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын хэргээр шалгуулах, УИХ дахь МАН бүлгийн дарга Д.Хаянхярвааг бүлгийг гишүүдйн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг хангаж чадаагүй тул ажлаа өгөхийг шаардсан бол Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг ажилдаа хариуцлагагүй хандсан хэмээн шүүмжилсэн байна.
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын хувьд ч "Намын дарга ийм шийдвэр гаргаж байгаа бол ажлаа өгье" гэсэн байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн дунд санал хураалт явуулахад Удирдах зөвлөлийн нийт 28 гишүүний 16 нь Д.Хаянхярвааг бүлгийн даргаас нь огцруулах санал өгсөн аж. Харин хотын дарга С.Батболдыг огцруулах саналыг 15 гишүүн дэмжжээ. Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудлыг намын дарга У.Хүрэлсүх өөрөө намын бүлэгт танилцуулахаар болжээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын асуудлыг НИТХ-ын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэдэг тул Ерөнхий сайд НИТХ-ын дарга С.Амарсайханд албан тоот явуулж, огцруулах саналаа хүргүүлсэн байна.