“Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” үндэсний V чуулганд 600 гаруй залуус оролцлоо
“Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” үндэсний V чуулган өнөөдөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “White rock” төвд болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Учрал нар оролцож, үг хэлж, хэлэлцүүлгийн асуултад хариулав.
Монгол Улс “Залуучуудын өдөр”-ийг наймдугаар сарын 25-нд тэмдэглэдэг бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Залуучуудын хөгжлийн сарын аяныг “Нийгмийг өөрчлөх боловсрол” сэдвийн дор энэ сарын 12-ноос есдүгээр сарын 12-ны хугацаанд орон даяар зохион байгуулж буй юм.
Аяны хүрээнд зохион байгуулсан уг чуулганд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хот хөдөөгийн болон олон улсын байгууллагын 600 гаруй зочид, төлөөлөгч оролцов.
“Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал” үндэсний чуулганы нэгдсэн хуралдааны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ “Би өнөөдөр Та бүхэнтэй залуучуудын хөгжил, оролцоог дэмжих Засгийн газрын бодлого шийдвэрийн талаар гэхээсээ илүү энэ орны ирээдүйг тодорхойлж, хөгжил дэвшлийг түүчээлэн авч явах монгол залуу хүн юу хүсч мөрөөддөг, дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад тэдэнд ямар дэмжлэг хэрэгтэй байгаа, мөн залуус маань төр засагтайгаа хамтраад тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зөв гарц, шийдлийг олох талаар та нарынхаа саналыг сонсож, та нартайгаа чөлөөтэй, нээлттэй ярилцаж, саналаа хуваалцья гэж бодлоо.
Монгол орон залуучуудын орон билээ. Манай улсын нийт хүн амын 33 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 50 хувь нь 15-34 насны залуучууд Та бүхэн байна. Иймээс энэ улсын хөгжил, дэвшил, ойрын болон хэтийн ирээдүй залуучууд Та бүхнээс шалтгаална хэмээгээд Засгийн газраас залуучуудаа дэмжсэн олон бодлого, хөтөлбөрийг дэвшүүлж, хэрэгжүүлэхийн төлөө хичээн чармайж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт залуучуудын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр туссан олон зорилтууд биелэлээ олж хэрэгжиж байгааг товч танилцуулсан.
Тухайлбал, Монгол Улс анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг батлан хэрэгжүүлж, залуучуудын асуудал хариуцсан агентлаг байгуулж, төрийн байгууллагын бүтцийг үндэсний хэмжээнд бий болгосон. Боловсролын зээлийн сан байгуулж, оюутан залуучууд сургалтын төлбөрөө төрөөс зээлж, төгсөөд ажилтай орлоготой болсныхоо дараа буцаан төлөх тогтолцоог бүрдүүлсэн. Оюутан залуус сурахын зэрэгцээ цаг заваараа ажил хийх “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг Засгийн газар батлан хэрэгжүүлж байна. Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж байгаа зэргийг онцгойлон дурдсан юм.
Эцэст нь Монгол Улсын Засгийн газар Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгшид, өрх толгойлсон эцэг эхчүүдийг халамжилж, онцгойлон анхаарах болно. Мөн Засгийн газраас хуулийн дагуу Залуучуудын хөгжлийн сан байгуулж өгнө, ард иргэдийнхээ ажиллаж амьдрах орчин нөхцөл болох ардчилал, эрх чөлөөг батлан хамгаална, харин та бүхэн бусдыг нь хий хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Залуусын асуултад өгөх хариултаа өндөрлүүлсэн юм.
Нэгдсэн чуулганы үндсэн илтгэлийг “Залуучуудын хөгжлийг дэмжих төрийн бодлого, үйл ажиллагаа” сэдвээр Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд С.Чинзориг тавилаа. Тэрбээр илтгэлдээ Монгол Улсын төрөөс анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг 2017 онд батлан хэрэгжүүлж байгаа нь дэлхийн болон бүс нутгийн хүрээнд залуучуудын асуудлаар бие даасан хуультай цөөн орнуудын нэг болсныг онцлоод дэлхийн улс орнууд “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ийг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж буй өнөө үед манай улс эрэгтэй, эмэгтэй залуучуудыг боловсролд адил эрхтэй хамруулах; ажил хөдөлмөр, бизнес эрхлэх чадвартай техникийн болон техник мэргэжлийн боловсролтой залуучуудын тоог улам нэмэгдүүлэх; жендэрийн эрх тэгш байдлыг хангах; ногоон хөгжлийг цогцлоох; зорилтот бүлгийн, тусгай хэрэгцээт залуучуудыг үр бүтээлтэй хөдөлмөр эрхлэлтэд хамруулах, зохистой ажлын байраар хангахыг зорьж байгааг дурдсан.
Залуучуудын талаар баримталж буй бодлого, зорилтын талаар саналаа хуваалцахдаа С.Чинзориг сайд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд хувь хүний хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухааны хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн үндсэн 5 чиглэлээр залуучуудын хөгжлийг дэмжихээр заасныг дурдаад “Залуучуудын хөгжлийг дэмжих, бодлого, хууль, эрх зүйн баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлэхэд юуны өмнө үндэсний, орон нутгийн, салбарын оновчтой бүтэц, тогтолцоо чухал юм.
Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний тогтолцоог бэхжүүлэх хүрээнд залуучуудын асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулж, аймаг дүүрэг бүрт хөгжлийн төвтэй болж, түүнчлэн Ерөнхий сайдын тэргүүлсэн, иргэний нийгмийн байгууллагууд, залуу эрдэмтдийн төлөөлөл бүхий салбар дундын Залуучуудын үндэсний зөвлөл, орон нутагт аймаг, сумын Засаг даргаар ахлуулсан салбар зөвлөл 2018 оноос ажиллаж байна.
Орон нутагт Залуучуудын хөгжлийн төвүүд, төвийн дэргэдэх залуучуудын зөвлөл, сонирхлын клуб, дэмжих бүлгүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, амьдрах ухаан, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийн бүлгийн /ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг хүргэж байна. Тус төвүүдэд 2018 онд нийт залуучуудын 42 хувь нь хандаж үйлчилгээ авсан байна. Залуучуудын хөгжлийн төв нь залуучууд дуу хоолойгоо нэгтгэх, тэдний эрх, ашиг сонирхолд нөлөөлөх аливаа бодлого, хөтөлбөрийн төлөвлөлт, орон нутгийн төсвийн хуваарилалт зэрэгт санал тусгах боломжийг олгож байна.
Залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрүүл амьдрах ухаан, зөв дадлыг төлөвшүүлэх аян, арга хэмжээг тогтмол зохион байгуулж, эрүүл мэндийн даатгалын хэрэгцээ, ач холбогдлыг таниулан сурталчилснаар их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагад элсэн суралцаж буй 1 дүгээр курсын оюутнууд 100 хувь, бусад курсын оюутан, залуучуудын 80 хувь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байна. Мөн оюутныг эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт харъяалал харгалзахгүй хамруулж байна.
Залуучуудын сурч хөгжих боломжийг нэмэгдүүлж “Оюутны хөгжлийн зээл”-ийг санхүүгийн бололцоогүй, 2.8-аас дээш сургалтын голч оноотой, амжилттай суралцагч оюутан, залуучуудад хүүгүй, хамтран зээлдэгчгүй, барьцаагүй, ажлын байранд эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгож байна. Тус зээлд 2018 онд нийт 9231 оюутан, суралцагчид хамрагдаж, 13.1 тэрбум төгрөгийн зээлийг аваад байна.
2019 оны төсөвт Оюутны хөгжлийн зээлд ойролцоогоор 11000 оюутан хамруулж 33 тэрбум төгрөг зарцуулна гэж төлөвлөсөн. Мөн 2012 оноос өмнө дотоод, гадаадад суралцагч залуучуудад олгосон зээлийг Засгийн газрын тогтоолоор чөлөөлж байсан бол 2013 оноос Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар гадаадад суралцагчдын зээлийн гэрээний биелэлтийг тооцож чөлөөлж байна.