С.Чинзориг сайд Туркийн элчин сайдыг хүлээж авч уулзлаа
2019.11.14

С.Чинзориг сайд Туркийн элчин сайдыг хүлээж авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг Төрийн ордонд хүлээж авч уулзлаа.

Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд энэ онд Монгол, БНТУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосныг дурдаад хоёр улсын найрсаг харилцаа жилээс жилд өргөжин тэлж буйд ноён Элчин сайдын үүрэг оролцоо их байгааг онцлон 2018 онд Монгол Улсын Их хурлын дарга Турк улсад айлчлах үеэр нийгмийн хамгааллын салбар дахь харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улсын хоорондын хэлэлцээрийг Туркийн Үндэсний Их хурлын Гадаад хэргийн хороо өнгөрсөн сарын 10-ны өдөр баталсанд талархал илэрхийллээ.

Уг хэлэлцээрийг манай УИХ 2018 онд соёрхон баталсан бөгөөд Туркийн Үндэсний ассамблейн нэгдсэн чуулганаар батлагдахыг хүлээж буй тул энэ ажлыг эрчимжүүлэхэд анхаарал тавихыг Элчин сайд Ахмет Язалаас хүслээ.

Хоёр улсын хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээр Туркэд оршин сууж буй монгол иргэд төдийгүй манай улсад ажиллаж амьдарч байгаа турк иргэдэд ч хамаарах учраас аль болох түргэвчлэх шаардлага байгааг С.Чинзориг сайд онцолсон.

Тэрбээр мөн хоёр орны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын хооронд тогтоосон хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх хүрээнд Санамж бичиг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Туркийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг Монгол Улсад айлчлах урилгыг Элчин сайдаар дамжуулан илгээлээ.

Элчин сайд Ахмет Язал Монгол Улсад томилогдон ирээд хоёр жил гаруй болж байгаа бөгөөд энэ хугацаанд Турк улсад засаглалын систем өөрчлөгдсөнөөс үүдэн нэлээдгүй ажил бөөгнөрч үлдсэний нэг хоёр орны хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах ажлыг тус улсын холбогдох яамд анхааралдаа авч эрчимтэй ажиллаж байгаа тул тун удахгүй сайхан мэдээ дуулгана гэдэгтээ итгэлтэй байна гэсэн.

Түүнчлэн хоёр улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах Санамж бичиг байгуулах нь Нийгмийн хамгааллын хэлэлцээрээс дутахгүй өндөр ач холбогдолтой  төдийгүй энэ нь зөвхөн Монголын талын хүсэлт биш бөгөөд Туркийн тал ч ийм сонирхолтой байгаа тул бодит ажил хэрэг болоход ямар нэг асуудал байхгүй гэдгийг хэлж өөрийн зүгээс шаардлагатай бүхий л хүчин чармайлтыг гаргаж ажиллах болно гэв.

Мөн энэ удаагийн уулзалтаар Турк улсад оршин сууж хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийн талаар хоёр тал санал солилцсон

Элчин сайд М.Ахмет Язал Ойрхи дорнодын техникийн их сургуулийн Эдийн засаг, удирдлагын сургууль, Төрийн захиргааны тэнхимийг 1992 онд дүүргэсэн. БНТУ-ын ГХЯ-ны Боловсон хүчний газарт улс төрийн ажилтнаар ажлын гараагаа эхэлж улмаар ГХЯ-ны Умард болон Төв Европ, Балтийн орнуудын газарт атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, Сараево дахь Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, Брегенц дэх Ерөнхий консулын газарт дэд консул, Скопье дэх Элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн дарга, Ром дахь Элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн дарга, БНТУ-ын ГХЯ-ны Балкан болон Төв Европын газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга, НАТО дахь БНТУ-ын Байнгын төлөөлөгчийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай дипломатч юм.