Киргиз Улсын Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, нөхөн сэргээлтийн сайд Эркинбек Чодуевтэй уулзлаа
2020.01.23

Киргиз Улсын Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, нөхөн сэргээлтийн сайд Эркинбек Чодуевтэй уулзлаа

ХБНГУ-ын Берлин хотноо ажлын айлчлалаар ажиллаж байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан  чуулга уулзалтын үеэр Бүгд Найрамдах Киргиз Улсын Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, нөхөн сэргээлтийн сайд Эркинбек Чодуевтэй ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр хоёр орон нь уламжлалт найрсаг харилцаатайг цохон тэмдэглэж, 2019 онд болсон Засгийн газар хоорондын комиссын хурлаар тохиролцсоны дагуу хоёр орны хооронд мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа баталгаажууллаа.

Үүний хүрээнд Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой байгаагаа мэдэгдсэн бол Киргиз Улсаас шинэ ногоо, жимс, жимсгэний худалдааг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Ингэхийн тулд хоёр орны хооронд малын гаралтай бүтээгдэхүүний худалдааны мал эмнэлэг, эрүүл ахуйн протокол, холбогдох гэрчилгээг тохиролцох, мөн малын гаралтай бүтээгдэхүүний транзитын хэлэлцээрийг ойрын хугацаанд баталгаажуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Мөн хоёр улс хамтран Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассемблейн хурлаар "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийг тунхаглан зарлуулах, олон улсад нүүдлийн уламжлалт мал аж ахуйг сурталчлах, таниулах жилийг хамтран хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо.