Б.Баярсайхан: Завхан аймгийнхаа засаглалыг сайжруулж, чадваржуулах, ёс зүйг дээдлэн шаргуу ажиллах ёстой
2022.01.31

Б.Баярсайхан: Завхан аймгийнхаа засаглалыг сайжруулж, чадваржуулах, ёс зүйг дээдлэн шаргуу ажиллах ёстой

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 2012 оноос эхлэн жил бүр аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцуулдаг. Энэ жилийн хувьд Завхан аймаг сүүлээсээ хоёрт буюу 20-т эрэмбэлэгдсэн байна.

Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн 4 үндсэн бүлгийн хүрээнд 175 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог ажээ. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдийн санал асуулгын мэдээллээс бүрддэг.

Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг анх боловсруулж эхэлсэн цагаас хойш жил болгон ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол энэ жилийн хувьд Дорноговь аймаг 1 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.

Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу
• Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон аймаг,
• Засаглалын үр ашгаар Сүхбаатар аймаг,
• Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг,
• Дэд бүтцээр Дорноговь аймаг 1 дүгээрт эрэмбэлэгджээ.

Аймаг тус бүрээр нь харвал Увс, Завхан, Орхон аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурсан, үлдсэн 18 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн онтой харьцуулахад ахижээ.
Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлэг болох эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтцийн хувьд авч үзвэл:

  • Эдийн засгийн тамир тэнхээгээр Баян-Өлгий, Дундговь, Завхан, Ховд аймгууд эдийн засгийн чадавхийн хувьд сул байна.
  • Засаглалын үзүүлэлтээр Ховд, Завхан, Баян-Өлгий аймгууд сүүл мушгисан байна.
  • Бизнесийн үр ашиг үзүүлэлтээр Булган, Говь-Алтай, Завхан аймгууд сүүл мушгисан байна.
  • Дэд бүтцийн хувьд Баянхонгор, Булган, Төв аймгууд сүүл мушгисан байна.

Үүнээс бид цаг алдалгүй Завхан аймгийнхаа засаглалыг сайжруулж, чадваржуулах, ёс зүйг дээдлэн шаргуу ажиллах, аливаа хөрөнгө оруулалт дэд бүтцийн ажлыг чанартай гүйцэтгэх, бизнес эрхлэгчдээ дэмжин үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, гээд олон олон ажлыг хамтдаа бүтээхийн төлөө нэг зорилготой эв нэгдэлтэй зүтгэх ёстойг харж байна. Бид үүнийг хийж чадна. Өвөг дээдсийнхээ өмнө, үр хүүхдүүдийнхээ төлөө, нутаг усныхаа төлөө хийх үүрэгтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn