Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шүтэж ирсэн төрийн үйлчилгээг хална
Ирэх сарын 7-8-нд болох “Монголын Эдийн засгийн чуулган-2022”-ыг угтсан салбаруудын хэлэлцүүлэг үргэлжилж, өнөөдөр МҮХАҮТ-д “Төрийн бүтээмжийн сэргэлт” сэдвээр ээлжит хэлэлцүүлгийг ХЗДХЯ-наас зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нээж хэлэхдээ, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг нь төрийн бүтээмжийн сэргэлт юм гэдгийг онцлов.
Энэ нь төр өөрийнхөө төсвийн, хөрөнгө оруулалтынхаа, бүтэц тогтолцооны менежментээ өөрчилснөөр төрийн бүтээмжийн сэргэлтийн нэг шинж тэмдэг гарч ирнэ гэдгийг тодотгов. Төрийн бүтээмжийн сэргэлтэд:
төрийн үйлчилгээг цахимжуулах,
Хүнд суртлыг багасгах, төрийн хяналт шалгалтын болон звөшөөрлийн тогтолцоог цөөрүүлэх, орон тоогоо багасгаж хялбаршуулах,
Төр өөрөө бүх чиг үүргээ хэрэгжүүлэх гэж улайрах шаардлагагүйгээр төрийн зарим чиг үүргийг нийтийн эрхзүйн субьектууд болон хувийн секторт, ТББ-уудаар гүйцэтгүүлж хийлгэх байдлаар илэрч чиг, зорилго, зорилтоо хэрэгжүүлж болно гэдгийг тэмдэглэн хэлж байна.
Төр, засаг, ялангуяа төрийн байгууллагыг удирдаж ирсэн дарга, яамдын сайд нар сүүлийн 30 жилд орон тоогоо яаж нэмэгдүүлэх, бүтцээ яаж данхгар болгох, яаж өөр дээрээ чиг үүрэг нэмж, төсөв нэмүү тавиулж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх гэж зүтгэж ирснийг бид ярьж, хөндөхгүй явж ирлээ.
Гэтэл энэ бүхний үр дүн өнөөдөр яаж гарч ирж байна гэхээр татварын байр, Монголбанкны байргүй нэг ч аймаг алга, Цагдаагийн байр шинээр бариагүй сум тун цөөн. Гэтэл төрийн бусад агентлаг бүгд байртай болох гээд зэрэгцээд явж байх жишээний. Тэгэхээр төр хөрөнгийн менежментээ хүртэл зөв хийж байж бүтээмжийн сэргэлт гарна. Төрийн мөнгө гэдэг хязгааргүй нөөц биш. Татвар төлөгч та бүхний мөнгө, түүгээр бүрдэж буй төсөв бүгд хязгаартай байх ёстой. Төрийн бүтээмжийн сэргэлт гэдгийг үүгээр тодорхойлж болно гэж байв. Тэрээр, цаашид бид засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шүтэж ирсэн төрийн үйлчилгээ халъя гэдэгт анхаарч ажиллахаа илэрхийлэв.
“Өнөөдөр төрийн үйлчилгээ цахимжаад байхад иргэд заавал бүртгэлийн нэг газар очиж биш, заавал өөрийн оршин суугаа газраа бус, хамгийн ойр явж байгаа хороон дээрээ очоод бүх үйлчилгээг авчихдаг байж яагаад болохгүй гэж. Газрын гэрчилгээг заавал дүүргийнхээ газрын албан дээр очиж дугаарлан авах шаардлагагүй. Бүх үйлчилгээг цахимаар, гар утаснаасаа, киоск машинаас авч болно. Ийм нээлттэй, хүртээмжтэй тогтолцоо руу шилжих нь төрийн бүтээмжийн сэргэлтийн нэг онцлог хэлбэр юм” гэдгийг хэлж байлаа. Тэрээр өнөөдөр улсын бүртгэлтэй холбоотой 126 нэр төрлийн үйлчилгээнээс 122-ыг газар дээр нь цахимаар авах боломжтойг тодотголоо.
Төр үйл ажиллагааны бүтээмжээ сайжруулъя гэдэг нэр томьёоны хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг түшиглэсэн, шүтсэн төрийн үйлчилгээг халах чиглэл рүү, магадгүй тойргийн шинжтэй төрийн үйлчилгээ давамгайлах тэр хэлбэр рүү явна гэв. Энэ үүднээс бидний хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол Засгийн газрын хамгийн оновчтой бүтэц, үйл ажиллагааны бүдүүвчийг судалгааны байгууллагуудаар хийлгэхээр зорьж байна гэдгийг дуулгалаа.