“Бизнес хөгжил” олон төрөлт спортын тэмцээн боллоо
Монгол Улсын Засгийн газраас нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Бизнес хөгжил” олон төрөлт спортын тэмцээнийг санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ жилийн тэмцээн 4 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан захын гэрээт худалдаа, бизнес эрхлэгчдийн дунд волейбол, шатар, теннис тус бүр эрэгтэй эмэгтэй болон теннисний дан хос, холимог хос гэсэн төрлүүдээр зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.
Тэмцээнд Дархан захын худалдаа эрхлэгч 1800 орчим түрээслэгч нарын төлөөлөл болсон 11 багийн 220 гаруй тамирчид оролцож төрөл тус бүр дээр аваргуудаа тодруулахын зэрэгцээ багийн дүнгээр эхний 3-н байрт орсон багаа шалгаруулж шилжин явах цомоо хадгалууллаа.
Багийн дүнгээр тэргүүн байранд Шонхорууд баг, дэд байранд Эрх чөлөө баг, гуравдугаар байранд Шарк багийн тамирчид шалгарч, 3 жил дараалан тэргүүн байр эзэлсэн Шонхорууд багт шилжин явах цом хадгалагдан үлдэж байна.