“Хүүхэд ба инновац” үзэсгэлэн гарч байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас дэвшилтэт технологи, инновацын үйл ажиллагааг сурталчлан таниулах “Хүүхэд ба инновац” танин мэдэхүйн үзэсгэлэнг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
Үзэсгэлэнд AR, VR технологид суурилсан дижитал арт, дижитал музей, VR тоглоом, робот, NFT, кодын сургалт, сэтгэхүй хөгжүүлэх тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын танилцуулга бүхий экспо болж, 3D гэрлэн шоу үзүүлсэн юм. Түүнчлэн Мобайл PUBG тэмцээнийг зохион байгуулж, урилгаар Stalwart, IHC, Seal багууд тоглолоо.
Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий “Хүүхдийг технологид сонирхолтой болгох зорилгоор танин мэдэхүйн тус үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэнд ирж буй хүүхдүүд ирээдүйд технологи ашиглан нийслэл хотод тулгарч буй асуудлыг шийдэх технологийн шийдлийг суралцаасай гэж хүссэн. Дэлхий дахин VR технологи руу шилжиж байна.
Өнөөдрийн үзэсгэлэнд VR технологид суурилсан музей, NFT объектууд, үзүүлбэрүүд зэргийг дэлгэсэн. Хүүхдүүд Мобайл PUBG тэмцээнийг их сонирхон үзэж байна. Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар нь Hub Инновацын төвд хүүхэд, залууст зориулж инновац, технологийн шийдэл шингэсэн үзэсгэлэнг өдөр бүр, байнгын дэлгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” гэлээ.
“Хүүхэд ба инновац” танин мэдэхүйн үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хүүхдүүд Мобайл PUBG тэмцээн, VR музей, гэрлэн шоу зэрэг үзүүлбэрүүд таалагдаж байгааг хэлж байв. Тус үзэсгэлэн өнөөдөр 17:00 цаг хүртэл дэлгэгдэх юм.