2022.06.07

Б.Жаргалмаа: Хавдрыг Монголд үнэн, зөв оношилж байна уу

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022, 06, 07/хуралдаанаар  "Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Хавдрын оношилгооны тухай онцгойлон асуух гэсэн юм. Монголд хавдар гэж оношлогдоод, гадаадад хавдар биш болоод эмчлэгддэг. Манай эмч нарын чадварт байна уу, хэрэглэж байгаа тоног төхөөрөмжинд байна уу.

Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн уулзалтыг хараад сэтгэл эмзэглэсэн. Энэ төрөх үеийн, ургийн гажиг гэхээс илүүтэй төрсний дараах шарлалтаас үүдсэн тархины саажилт гэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 55-дугаар сургууль, 10-дугаар цэцэрлэг, ясли дээр очиж ажиллахад төрөхийн шарлалтаас үүссэн тархины саажилт өндөр хэмжээнд байна. Манай эмч мэргэжилтнүүд үүн дээр алдаж байна. Төрөхийн шарлалтаа оношилж чадахгүй байгаа юм. Өрхийн эмнэлэг дээр резидент эмч нар ажиллачихдаг. Тэд нар чадваргүйгээсээ болж алдаж байна. Шарлалтыг удаашруулж, хүндрүүлснээс болж тархинд саажилт үүссэн. Энэ дээр ямар арга, хэмжээ авч ажиллаж байна вэ? Эмч нараа мэргэшүүлэх, дадлагажуулах тал дээр дутуу ажиллаад байна. Өнөөдөр хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газар газрын асуудлаас болж өргөтгөл барих шаардлагатай болчихсон. Энэ асуудлаа шийдээгүйгээс болж төрөх эмнэлгийн ачаалал өндөр, эргээд хүүхдээ асарч чадахгүй эмнэлгээс нь гаргадаг. Үүн дээр яаж анхаарах юм бэ?  

Түүний асуултад ЭМЯ-ны сайд С.Энхболд хариуллаа.