С.Бямбацогт: Галт тэрэгний үйлчилгээний үнийг нэмэхгүй байх, Дарханы замд ашиглах цементийг шуурхай тээвэрлэх хэрэгтэй
2022.09.02

С.Бямбацогт: Галт тэрэгний үйлчилгээний үнийг нэмэхгүй байх, Дарханы замд ашиглах цементийг шуурхай тээвэрлэх хэрэгтэй

Шинээр томилогдсон Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар төмөр зам Монгол, Оросын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдах газар өчигдөр ажиллав.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Х.Хэрлэн Улаанбаатар төмөр зам ХНН-ийн бүтэц, бүрэлдэхүүн, импорт, экспортын тээврийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг танилцуулсан.

Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг төмөр замчдадаа талархал илэрхийлээд, бодлогын чиглэлээр бүх талаар дэмжихээ илэрхийлж, хүн бүрийг чин сэтгэлээсээ, хариуцлагатай хамтран ажиллахыг хүслээ.


Түүнчлэн юуны өмнө галт тэрэгний цуваа цөөрсөн, хоосон чингэлгийн буцаалт буурснаас үүдэлтэй чингэлгийн бөөгнөрлийг яаралтай шийдэх чиглэлд ажил хариуцсан хүмүүс онцгой анхаарч, ажил үүрэгтээ эзэн болохыг хатуу сануулсан юм. Энэ асуудалд элдэв шалтаг тоочих биш харин шийдэл гаргаж ажиллахыг үүрэг болголоо.

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, үйлчилгээгээ хүнд сурталгүй ил тод болгоход онцгой анхаараарай гэв.

2021 онд Улаанбаатар төмөр зам ХНН 31 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон. Харин 2022 онд урьдчилсан байдлаар тооцоолоход 27-28 сая тонн ачаа тээвэрлэх магадлалтай байна. Ачаа, тээврийн эргэлт ийн буурч байгаад анхаарал хандуулж, шаардлагатай арга хэмжээ авах үүрэг өгөв.

Мон-П1, Мон-П2 зээлийн үлдэгдэл төлбөрөөр дүрмийн сан нэмэгдүүлэх Оросын талын хөрөнгөөр хөдлөх бүрэлдэхүүн авах ажлыг зохион байгуулах, УИХ-ын тогтоолын хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулах ажлыг эрчимжүүлэхийг чухалчиллаа.

Түүнчлэн Эдийн засгийн нөхцөл байдал хэвийн хэмжээнд ортол УБТЗ ХНН-ийн зорчигч тээврийн болон нийгмийн чанартай ачаа тээврийн тарифыг нэмэгдүүлэхгүй байх, тээврийн алдагдлыг бууруулахын тулд зарим тарифыг индексжүүлэх, өртөг зардлаа бууруулж хэмнэлт гаргах шийдлийг олж, эдийн засгийн тооцоо судалгаа хийн танилцуулах, галт тэрэгний хүрэлцээг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг бүх шатандаа онцгой анхаарах, нүүрс болон шахмал түлшний нийлүүлэлтэд анхаарах, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ашиглах цементийг шуурхай тээвэрлэхэд онцгойлон ач холбогдол өгөх, хүнсний ногоо, улаан буудайг шуурхай тээвэрлэхийг үүрэг болгосон байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn