ХЭҮК-оос “Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”-ны үр дүнг танилцууллаа
2022.12.21

ХЭҮК-оос “Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”-ны үр дүнг танилцууллаа

ХЭҮК-оос "Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа"-г өнөөдөр /2022.12.20/ танилцууллаа. Тус судалгааг Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Зохистой хөдөлмөр ба худалдаа" төслийн хүрээнд Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Европын Холбооны санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн юм.

Энэхүү судалгаа нь гурван зорилттой бөгөөд судалгааны үр дүнг үндэслэн холбогдох санал, зөвлөмжийг боловсруулж, үүрэг хүлээгч, шийдвэр гаргагч нарт хүргүүлээд буй.

Тодруулбал,

Зорилт 1. Үндэсний хууль тогтоомж, дүрэм, журам, бодлого, үйл ажиллагаанд Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенц, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 138 дугаар Конвенцод нийцэж байгаа эсэх, нийцэхгүй байгаа зүйл, заалтыг илрүүлэх,

Зорилт 2. Хөдөө аж ахуй, үүний дотор мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, үйлчилгээ, барилга, боловсруулах үйлдвэрлэл, бөөний болон жижиглэн худалдаа, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа болон бусад салбарт хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн нөхцөл байдлыг тодорхойлох,

Зорилт 3. Эдийн засгийн салбар тус бүрд эрсдэл, аюултай нөхцөл байдал болон байршлын мэдээллийг цуглуулах, насанд хүрээгүй хүн эрхлэхийг хориглосон ажлын байрны жагсаалт болон хүүхэд эрхэлж болох хөнгөн ажлын нөхцөлийг тодорхойлох,

Тус судалгааны талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид:

"ХЭҮК нь "Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа"-ны үр дүнг үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлдээ тусгасны дагуу УИХ-ын 2022 оны 49 дүгээр тогтоолд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй бүх хэлбэрийг үнэлэх шалгуур үзүүлэлт, хэрэгжилтийг хянах тогтолцоог бий болгох, түүнчлэн унаач хүүхдийг сургуулиас завсардуулсан уяач, эцэг, эх, асран хамгаалагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг бий болгох, өвлийн улиралд хурдан морины үсэргээ, сунгаа зохион байгуулж хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох, хянах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэглэлийн стандартыг өөрчлөх асуудлыг тусгасан чухал ач холбогдолтой болсон.

Мөн энэ судалгааны тайлан, зөвлөмжид тулгуурлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Насанд хүрээгүй хүмүүсийн ажлын байрны жагсаалт, хөдөлмөрийн нөхцөлийг энэ оны зургадугаар сард шинэчлэн баталсан.

Комисс нь цаашид хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн нэг болох хүүхдийн хөдөлмөр тэр дундаа хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг бүр мөсөн устгах талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх талаар сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагааг цогц байдлаар хэрэгжүүлэхэд анхаарч, үе шаттайгаар ажиллана." гэлээ.

Харин судлаач Б.Нямжав: "Судалгааны үр дүнгээр Монгол Улсад ажил, хөдөлмөр эрхэлдэг ялангуяа тэвчишгүй болон аюултай хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд цөөнгүй илэрч байна. Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрөөс хөндийрүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай байна. Тухайлбал хүүхэд хамгааллын бодлоготой хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг уялдуулах нь зүйтэй байна. Мөн ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх буюу хүүхдийн хөдөлмөрийн аюултай хэлбэрийг тодорхойлох, таниулах, хориглох шаардлагатай байсан.

ХНХЯ-наас судалгааны үр дүнд үндэслэн насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт, 13 насанд хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг тодорхойлж баталсан нь эерэг үр дүн гарна хэмээн найдаж байна гэв.

Судалгааны үр дүн танилцуулах арга хэмжээнд ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухаан доктор Д.Сүнжид, Европын холбооны төлөөлөгчийн газрын аппаше Паула Вестлунд, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Ажлын байрны Ажлын байрны суурь зарчмууд ба эрхийн ахлах мэргэжилтэн Бхарати Пфлуг, хуульч, судлаач Г.Түвшинжаргал, судлаач Б.Нямжав, судлаач, доктор, дэд профессор А.Алтанзул болон ЦЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Статистикийн үндэсний хороо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо.